Хотын дарга дээд лигийн долоон удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багийнхантай уулзлаа
“Хасын хүлэгүүд” баг Монголын сагсан бөмбөгийн 2022 оны “Янзтай дээд лиг”-ийн аварга болсноор долоо дахь удаагаа түрүүлсэн цорын ганц багаар тодорсон. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тус багийнхантай уулзаж, баяр хүргэлээ. Энэ үеэр Хотын дарга “Нийслэлийн удирдлагуудын санаачилж буй сагсан бөмбөгийн “3х3”-ын талбайн бүтээн байгуулалтад та бүгдийн санаачилга, оролцоо маш чухал. Монголын хүүхэд, залуусыг спортод дурлуулж, ирээдүйг нь бэлтгэх ёстой. Ер нь спортоор хичээллэдэг хүн манлайлах чадвартай байдаг. Аливаа зүйлд бууж өгөхийг, ялагдахыг хүсдэггүй. Тэр зан чанарыг зөв хүмүүжилтэй холбох хэрэгтэй. Тэгж байж хүчирхэг монгол ирээдүй бүрдэнэ” хэмээн онцолж байв.
Сагсан бөмбөгийн холбоо сүүлийн 8-9 жилийн турш дотоодын маргаантай байсны улмаас нэгдсэн лигийн тэмцээн зохион байгуулах боломжгүй болж, тус тусдаа тэмцээн зохион байгуулах болсон. Үүнээс болж баг, тамирчид, үзэгч, дэмжигчид, спонсорууд гэх мэт олон хүн хохирсон талаар багийн тамирчид ярьж байлаа. Харин энэ жил нэгдсэн байдлаар 13 багийн дунд “Янзтай дээд лиг” гэх нэрийн дор тэмцээнээ зохион байгуулсан бөгөөд “Хасын хүлэгүүд” баг ийнхүү долоо дахь удаагаа аварга болж, Монголын сагсан бөмбөгийн түүхэнд аваргын цомыг хамгийн олон удаа атгасан баг болсон юм.
“Хасын хүлэгүүд” багийн ахлагч Б.Билгүүн “Хотын дарга бидэнтэй уулзаж, чөлөөтэй ярилцаж, санал бодлоо солилцлоо. Сагсан бөмбөгөөр дамжуулж хүүхэд, залуусаа, нийгмээ соён гэгээрүүлэх, зөв чиглүүлэхэд хамтарч ажиллах боломж, шийдлүүдийг ярилцлаа. Нийслэлийн зүгээс ч сагсан бөмбөгөөр дамжуулж, хүүхэд, залууст хандаж хийхээр төлөвлөсөн олон ажил байгаа юм байна. Тухайлбал, сагсан бөмбөгийн бүтээн байгуулалт, хүүхэд, залуус руу чиглэсэн олон нийтийн арга хэмжээг хийж хэрэгжүүлэхэд “Хасын хүлэгүүд” баг болоод бусад баг клубүүдтэй хамтран, яаж илүү өргөн цар хүрээтэйгээр олон нийтэд хүргэх вэ гэдгийг ярилцан, ойлголтоо нэгтгэлээ” гэсэн юм.
Уулзалтад оролцсон спортын сэтгүүлч Н.Тамир “Миний хувьд анхны лиг буюу 1994-1995 оны үед Монголын Сагсан бөмбөгийн холбооны тэргүүлэгчээр ажиллаж байсан. Сая дээд лигийн тоглолт болоод дууслаа. Дээд лигт долоо дахь удаагаа аварга авсан багт Нийслэлийн Засаг дарга баяр хүргэж, уулзлаа. Энэ бол спортод жишиг тогтоохуйц үйл явдал болов уу. Сая гаруй хүн амтай энэ том хотын захирагч дээд лигт түрүүлсэн багаа хүлээн авна гэдэг бол спортын хувьд маш том хүндлэл. Урьд өмнө нь ямар ч Хотын дарга дээд лигт түрүүлсэн багт биечлэн баяр хүргэж байгаагүй. Хотын даргын зүгээс цаашид дээд лигийн аваргын цом болоод бусад зохион байгуулалтын ажлууд дээр хамтран оролцох шинэ санал, санаачилга гаргаж байна. Түүнчлэн дээд лигт түрүүлсэн багийн ялалтыг ард иргэдтэйгээ, сагсан бөмбөг сонирхогч залуустайгаа хэрхэн хуваалцах вэ гэдэт хүртэл маш сайхан санаачилгуудыг гаргалаа. Спортын сэтгүүлч, спортыг дэмжигч хүний хувьд би маш их баяртай байна” гэв.
“Хасын хүлэгүүд” багийнхан Хотын даргад 34 гэсэн дугаар бүхий сагсан бөмбөгийн өмсгөл бэлэглэсэн. Учир нь тэрбээр Нийслэлийн 34 дэх Засаг дарга юм.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР