МУ-ын парламент түүхэндээ анх удаа Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороог байгууллаа

Хөгжлийн банкны зээлд буруутай этгээдүүдийн үйлдсэн хэрэг, учруулсан хохиролд нь таарсан шийтгэл оноож, учирсан хохирлыг нь бүрэн төлүүлж шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх ёстой. Энэ бол нийгмийн хүлээлт. Хэрэв энэ асуудал тэгсгээд замхарвал олон нийтийн бухимдал дээд цэгтээ хүрч, дахин ямар жагсаал, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхийг, тэр нь ямар сөрөг үр дүнд хүргэхийг төсөөлөхөд бэрх.

Тэгвэл Хөгжлийн банкны асуудлаар Монгол Улсын парламент түүхэндээ анх удаа онцгой эрхтэй Хянан шалгах түр хороог УИХ-ын нэр бүхий 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Тодруулбал, Батлут, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг,Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Доржханд нар багтжээ.

Хянан шалгах түр хороог онцгой эрхтэй гэж тодотгосон нь,

Нотлох баримт цуглуулах, гаргуулах, судлах

Нотлох баримтыг нийтийн сонсголоор судалж үнэлэх

Гэрчээр дуудах, мэдүүлэг авах, асуулт тавих

Шинжээч томилох, тайлбар мэдүүлэг авах

Санал дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлэх бүрэн эрх эдлэхийг хэлээд байгаа бололтой.

Шулуухан хэлэхэд иргэд, сонгогчид шинэ байгуулагдсан Хянан шалгах түр хороонд өмнө нь байгуулагдаж байсан УИХ-ын түр хороодын /Оюу толгойн, Эрдэнэтийн гэх мэт/ нэгэн адил бүрэн итгэлгүй, дөжирсөн байдалтай хандаж байгаа нь илт. Гэвч асуудалд шууд ингэж сэтгэл хөдлөлөөр хандаж, явцуу дүгнэлт хийх нь арай эртдэнэ.

Учир нь “Хонгилын үзүүрт гэрэл харагдлаа” гэгчээр бас ч гэж энэ онцгой эрх эдлэх Хянан шалгах түр хорооноос дорвитой үр дүн гарна гэж найдаж болох эхний хөшүүргэ нь уг ажлын хэсэгт багтсан гишүүд юм. Тэр дундаа “Авилагатай тэмцэх лобби” бүлгийн гишүүд болох Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ц.Мөнхцэцэг нар Хөгжлийн банкны найдваргүй зээлүүдийг шалгах болсонд итгэл төрж байна. Олон нийт ч дээрхи гурван гишүүнийг нэр цэвэр, шударга, боловсролтой гэж дүгнэх хандлагатай байдаг нь нөлөөлснийг үгүйсгэхгүй. Хамгийн чухал өнцөг бол “Авилагатай тэмцэх лобби” бүлгийн акц, ажлуудад цаашид иргэд итгэх, дэмжих эсэх нь шинэ байгуулагдсан хянан шалгах түр хорооны ажлын дүнгээс шууд хамаарах гээд байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны эл гурвал дээр нэмэгдээд туршлагатай, тулхтай парламентч Б.Бат-Эрдэнэ нэмэгдсэн нь тус түр хорооны цөмийг дээрхи гишүүд бүрдүүлж, гол ажлыг нугалах нь гэсэн дүр зураг харагдаж байна. Дөнгөж байгуулагдсан түр хороо юу хийж чадахыг, нийгмийн хүлээлтэд хүрч ажиллаж чадах эсэхийг харах, хянах л үлдлээ.

Similar Posts

3 Comments

  1. Нийгмийн хүлээлт шүү. Хариуцлагатай, хараат бус ажлаарай.

  2. Нам харгалзахгүй шударгаар асуудалд хандах гишүүдийг нь мэдээнд нэр цохсон байна. Тэд нарт л найдья даа. 11 гишүүний хэд нь яг хараат бус ажиллаж чадах вэ?

  3. Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүддээ хатуухан хариуцлага тооцож чадвал эрх баригч намд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *