Д.Жаргалсайхан, С.Баярмаа нар “Баян зам тээвэрчдийн холбоо”-гоор дамжуулж 7.1 тэрбум төгрөг ЗАВШСАН УУ

“Баян зам тээвэрчдийн холбоо” төрийн бус байгууллагынхныг мөнгө угаасан байж болзошгүй гэх хэргийг цагдаагийнхан шалгаж эхэлжээ.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалж өмнөд хөрш ч, манай улс ч хилээ хаан нүүрс экспортлохоо зогсоосон билээ. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн “жижиг” гэх Тавантолгойн нүүрсийг Өмнөговийн Цогтцэцийгээс Говьсүмбэр аймаг буюу Чойр хүртэл 407 км автозамаар тээвэрлэдэг болсон. Үүнтэй холбоотойгоор нүүрс тээвэрлэж буй энэ чиглэлийн замыг “Эко-жишиг тээвэр болгоно” гэж “Баян зам” ТББ-ынхан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай 2021 оны гуравдугаар сарын 31-нд олон салаа зам гаргахгүй, замын нөхцөл байдлыг байнга арчилж, зам дагуу постууд ажиллуулан жолооч нарт хяналт тавих, төв суурин газраар явуулахгүй, тоосжилтоо дарж байхаар тусгасан гэрээ байгуулж байсан юм.

“Баянзам тээврчдийн холбоо” ТББ болон “Мөнгөн хүлэг сервис”, “Хөгжлийн мөр”, “Алсын жим”, “Стэнд” компани хамтарч “Эко жишиг тээвэр төслийн ерөнхий журам” баталж, ерөнхий менежер С.Баярмаад менежмент хийх компанийг сонгох эрхийг олгосон юм байна. Улмаар С.Баярмаа уг төслийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжээр хадам дүүгийнхээ удирддаг барилгын материалын худалдаа, засал чимэглэлийн нэгэн компанийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан гэнэ.

Ингэснээр 7.1 тэрбум төгрөг завших нөхцөл, боломж бүрдүүлсэн байж болзошгүй хэмээн сэрдэгдэж буй аж.

Тодруулбал, С.Баярмааг хадам дүүгийнхээ аж ахуйн нэгжээр дамжуулан есөн компани байгуулж (заримынх нь 50 хувийн хувьцааг өөрөө эзэмшиж байгаа) мөнгө завшсан байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн гэнэ.

2018 оны наймдугаар сарын 20-нд хоёр гишүүнтэй байгуулсан “Баянзам тээвэрчдийн холбоо” ТББ-ын тэргүүн П.Баярхүү, гишүүн С.Энхтайван бөгөөд менежерээр нь С.Баярмаа ажилладаг юм байна. С.Энхтайван нь АТГ-ын дарга байсан, бригадын генерал Н.Ганболдын хадам дүү гэх мэдээлэл бий.

С.Баярмаагийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхантай ойр нэгэн гэнэ. Д.Жаргалсайханыг Засаг дарга байхад тус аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн даргын албан тушаалыг С.Баярмаа хашиж байжээ. Түүнчлэн С.Баярмаа нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ойр харилцаатай, олон ажлыг нь зохицуулдаг, менежер нь гэхэд хилсдэхгүй хэмээн АН, МоАХ-ны учир мэдэх хүмүүс өгүүлэх юм билээ.

Эндээс Ерөнхийлөгч асан Х.Баттулгын багийн гишүүн Д.Жаргалсайхан, С.Баярмаа нар нэгэн аж ахуйн нэгжээр дамжуулан ЗТХЯ-аас зарласан 7.1 тэрбум төгрөгийн тендерийн хөрөнгийг завшсан байж болзошгүй гэх хардлага бий болжээ. Учир нь тухайн аж ахуйн нэгж нь өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүрэгт ажлаа дорвитой хийгээгүй, төсөл ч нь үр дүнд хүрээгүй нь уг мөнгөөр сонгууль ч юм уу, өөр зүйлд зарцуулж завшсанаас болсон бололтой. Өөрөөр хэлбэл, зохион байгуулалттайгаар энэ их мөнгийг угааж завших замыг нь Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нь засаж, С.Баярмаа гардан гүйцэтгэсэн байж болзошгүй нь…

Эх сурвалж : Arslan.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *