ХЭРЭГ: Хүүгийнхээ аминд хүрсэн ээж “Эхийн алдар” одонгоо авахаар материал бүрдүүлээд байжээ
Баянзүрх дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэрт амьдардаг, 33 настай хосууд маргалдаж, улмаар 13 настай том хүүгийнхээ аминд хүрсэн гэх ноцтой хэрэг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өглөө 08:00 цагийн үед гарсан.
Хосууд 13,12,9,1 насны дөрвөн хүүхэдтэй бөгөөд том хүү нь боомилогдсон байдалтай нас барсан байжээ.
-ЗАСАГ ДАРГА Н.ГАНЧИМЭГ: ХЭРГИЙН ТУХАЙ СОНСООД ЦОЧИРДОЛД ОРООД БАЙНА-
Уг харамсалтай хэргийн тухай цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөхөөс татгалзсан бол хорооны Засаг дарга нь:
“Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн, шалгагдаж байгаа учир мэдээлэл өгч болохгүй. Би ч мөн уг хэргийн тухай сонсоод цочирдолд орсон. Манай хороонд урьд нь ийм хэрэг гарч байгаагүй. Өөр хэлэх зүйл алга” гэсэн юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач хүүг амиа алдсаны дараа эцэг нь дуудлага өгсөн гэх. Цагдаагийн байгууллагын алба хаагчдыг очиход гурван хүүхэд эцэг, эхтэйгээ хамт байсан байна. Улмаар хүүхдүүдийг хамгаалах байранд авч, харин эцэг эхийг саатуулжээ.
-АМИА АЛДСАН ХҮҮГИЙН ЭЦЭГ, ЭХ АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭЭГҮЙ, ЭРҮҮЛ БАЙСАН-
Уг харамсалтай хэрэг гарах үед хүүхдүүдийн эцэг, эх архи согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан аж. Эцэг нь хувиараа барилгын салбарт ажилладаг бол эх нь амаржаад удаагүй тул гэртээ хүүхдүүдээ хардаг байжээ. Тухайн айл уг байршилдаа нүүж ирээд удаагүй, нэг жил орчим болоод байсан бөгөөд хашаандаа өөр айлгүй, дангаар байрладаг байна. Түүнчлэн ахуй амьжиргаа сайн, архи дарсны хамааралгүй, хорооны халамж, үйлчилгээнд хамрагддаггүй байсныг эх сурвалж онцлов.
-ХҮҮХДҮҮДИЙГ ХАМГААЛАХ БАЙРАНД АВЧ, ЭЦЭГ ЭХИЙГ СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА-
Хүүхдүүдийн эх “Эхийн алдар” одонгоо авахаар материал бүрдүүлээд байсан бөгөөд ирэх зургаадугаар сард одонгоо авах байжээ. Хүүхдүүд нь сургуульд хамрагддаг, өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаагүй аж. Өдгөө хүүхдүүд цочролд орсон байдалтай хамгаалах байранд байгаа бол хэрэгт холбогдогч эцэг, эхийг түр саатуулан шалгаж байна.
О.ЭНЭРЭЛ
Харамсалтай юм бэ