Л.Энх-Амгалан: Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахын тулд шинээр 280 цэцэрлэг барих шаардлагатай
УИХ-ын Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал, шийдэл” сэдвээр танилцуулга хийлээ.
Манай улсад 2-5 насны 305 783 хүүхэд байгаагаас сургуулийн өмнөх боловсролд 2021-2022 оны хичээлийн жилд 233 090 хүүхэд хамрагдаж байна. 4-5 насны хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдах байдал харьцангуй өндөр буюу 86-93 хувь байгаа, 3 настнуудын 73 хувь байгаа бол 2 настнуудын 53.9 хувь л цэцэрлэгт хамрагдаж байна. Үүнээс үзвэл Улаанбаатар хотод 38 538, орон нутагт 33 4159 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадаагүй байгаа юм.
Улаанбаатар хотод нийт 674 цэцэрлэг байгаагаас төрийн 276, хувийн хэвшлийн 398 цэцэрлэг бий. 2021-2022 оны хичээлийн жилд 6 дүүргийн 17 хороо төрийн өмчийн цэцэрлэггүй бол хэт ачаалалтай 57 цэцэрлэг байна. Хэт ачаалалтай цэцэрлэгүүд 58 мянга орчим хүүхэд авах хүчин чадал ч өнөөдрийн байдлаар 77 мянга орчим хүүхэдтэй байна. Энэ онд нийслэлд 28 цэцэрлэгийн барилга, өргөтгөлийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгох зорилгоор ойрын хугацааны 10 шийдлийг боловсруулсан гэдгийг Л.Энх-Амгалан сайд танилцууллаа.
Тэрбээр, “Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад шинээр 280 цэцэрлэг барих шаардлагатай. Нийслэлд жилд дунджаар 60-70 мянган хүн шилжин ирдэг гэж тооцвол улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдэх боломжгүй. Иймээс цэцэрлэгийн барилгыг улс, нийслэлийн төсөв болон төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр барихын зэрэгцээ цэцэрлэгийн зориулалттай барилгыг түрээслэх, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих, хувийн цэцэрлэгүүдийн сул орон зайд хүүхэд хүлээн авах боломжийг бүрдүүлэхэд анхаарна. Ингэхдээ хүүхдийн тоогоор хувьсан зардал болон хоолны зардлыг олгохоор тооцсон. Алслагдсан гэр хороололд “Өргөө” цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх бөгөөд энэ онд хоёр цэцэрлэг барихаар төсөвт суулгасан байгаа” гэв.