С.Энхболд сайд аа, ийм жижигхэн эрх ашгийн төлөө З.Балдандугарыг хамгаалж байгаа гэж үү?
“Ачтан” эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирлаар ажиллаж байсан З.Балдандугарыг 2019 оны 7-р сард БГД-ийн Эрүүл мэндийн төвийн даргаар томилсон.
Түүнийг тус эмнэлгийн захирлаар томилогдсоноос хойш элдэв хэл ам тасарсангүй. БГД-ийн Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн эмч, ажилтнуудын зүгээс З.Балдандугар удирдлагаар томилогдсоноос хойш эмч, ажилтнуудын цалин хөлс нэмэгдээгүй, эсрэгээрээ цалингийн данснаасаа их хэмжээний мөнгийг хувийн эмнэлэг рүү шилжүүлсэн, ковидын үед эмч нарын эрхийг зөрчсөн, улаан бүсэд ажиллахад шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангаагүй, эмч нар асуудлаа хэлэхэд “Улаан бүсэд зохицож ажиллаж чадахгүй бол өргөдлөө өгөөд гар” гэх зэргээр дарамталсан зэрэг гомдол, мэдээлэл хөвөрсөөр.
Тэр ч бүү хэл улаан бүсэд илүү цагаар сунаж ажилласан эмч нараа “Та нар 8 цаг унтдаг” хэмээн даапаалж илүү цагийг хасдаг байжээ. Эмч нарт хамгийн хүндрэлтэй байсан нь ажлаа хийхэд шаардлагатай эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл, монитор дутмагаас хүнд өвчтөн эрсдэлд орох, үйлчлүүлэгчдийн бухимдал, шүүмжлэлийн бай болох зэрэг хүнд нөхцөлд ажиллаж буйгаа өргөдөлдөө дурдсан байв.
Тодруулбал маш хүнд, хүнд өвчтөнүүдийг эмчилдэг Сэхээн амьдруулах тасагт ердөө 3 ширхэг монитор ээлжилж хэрэглэж байсан нь хүнд өвчтөнүүдийн амин үзүүлэлтийг цаг тухайд нь хянах боломжгүй нөхцөлд ажиллаж байжээ. Харамсалтай нь дээрх асуудлыг хэн ч шийдвэрлэж өгөлгүй явсаар өнөөдрийг хүрсэн байна.
Өөрийн удирдаж буй эмнэлгийнхээ энэ мэт асуудлыг шийдэж чадаагүй З.Балдандугар захирал улсын төсвийн хөрөнгөөр, тендерээр нийлүүлсэн Хүчилтөрөгчийн үйлдвэрийг хувийн эмнэлэгт ашиглуулж, улсын эмнэлгийн үйлчилгээг дамлан зарж байгаа тухай манай сайт өмнө нь мэдээлсэн.
Харин салбарын сайд С.Энхболд З.Балдандугарын энэ мэт үйлдэлд ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь гайхшрал төрүүлж, сонирхол татна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын ээжийнхээ томографийн аппаратыг БГД-ийн Эрүүл мэндийн төвд ажиллуулж, ашиг хүртдэг тухай баримтыг isee.mn сайт мэдээлж байсан.
Гэхдээ бүхэл бүтэн нэг салбарыг толгойлж буй сайд С.Энхболд ийм жижигхэн эрх ашгийн төлөө З.Балдандугарыг хамгаалаагүй л байлтай. Бүр том эрх ашгаар холбогдоогүй л бол З.Балдандугар захиралдаа арга хэмжээ ав, С.Энхболд сайд аа!