Шинээр 80 коронавирусын тохиолдол илэрч, 76 настай эмэгтэй нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт 21,585 хүний сорьцод шинжилгээ хийхэд 80 шинэ тохиолдол бүртгэлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 3,561 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлууд дунд зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй бөгөөд бүгд дотоодод бүртгэгдсэн байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 50 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 2,874 болов. Энэ нь нийт өвчилсөн хүмүүсийн 80 хувийг эзэлж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 697 хүн эмчлэгдэж байна. Харин 21 хоногийн турш эмчилгээ хийлгэсэн, 76 настай эмэгтэй нас барсан” хэмээн мэдээлэв.