Европын холбоо Монгол улстай ойжуулалтын салбарт түншлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Аксель Никэйз болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Ойн салбарын түншлэлийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, ойн салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгох, ногоон хөгжил, цөлжилт, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдлын менежмент зэрэг өргөн сэдвээр ярилцаж, санал солилцов. Мөн Ойн салбарт түншлэлийн санамж бичиг байгуулах саналтай байгаагаа Европын холбооны элчин сайд Аксель Никэйз уулзалтын эхэнд илэрхийллээ. Тус санамж бичгийг байгуулснаар ойг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой хөгжилд болон дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдгийг хэлсэн юм.
Алсын хараа 2050, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны дунд болон урт хугацааны хөтөлбөрт ойн салбарын түншлэл, цөлжилт, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тусгаж, Олон улсын байгууллагуудын зүгээс ч хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжихийн тулд,
Ногоон эдийн засгийг дэмжсэн үндэсний стратегийг боловсруулан хэрэгжүүлэх,
Ногоон бизнесийн урамшуулал, хөшүүргийн системийг бий болгох,
Олон улсын санхүүгийн болон эрх зүйн орчныг бий болгох,
Өндөр хөгжилтэй орнуудын зүгээс худалдаа болон техникийн туслалцаа авах зэргийг зөвлөдөг. Түүнчлэн хөгжилтэй орнуудын туршлагаас харахад сайн засаглал, шинэ дэвшилтэт технологи, инновац, хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн зөв зохицуулалт нь байгалийн нөөцийн үнэ цэнийг нэмэгдүүлэх боломж төдийгүй ногоон эдийн засагт шилжих бодлогын цөм нь гэж тодорхойлж байгааг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ дурдаад, энэ чиглэлээр салбарын яам голлох үүрэгтэй, манлайлж ажиллана гэдгийг хэлсэн юм.
Уулзалтын төгсгөлд яригдсан гол асуудлын нэг бол байгаль орчны салбарын эрх зүйн байдалд дата анализ хийх тухай байлаа. Байгаль орчны салбарт өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 30 гаруй хууль 20 орчим стандарт байдаг. Эдгээр хууль, стандартад дата анализ хийх чиглэлээр ажлын хэсэг байгуулагдахаар болж байгааг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэллээ.
Түүнээс гадна энэ цаг үед бид байгалиа хамгаалж, нөхөн сэргээх нэг хэрэг боловч ирээдүй шинэ үед байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах ойлголт мэдээллийг өнөөдрөөс өгч, ирээдүйгээ бэлтгэх нь чухал гэдгийг онцоллоо. Талууд байгаль орчин хийгээд аялал жуулчлалын салбарт өргөн хүрээнд хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Тус уулзалтад БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Гадаад хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяа нар оролцов.