“Нэг сая болон түүнээс доош орлоготой даатгуулагчдад НДШ-ийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгоно”
ХЗБХ-ны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа. Тэрбээр “Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж ирлээ.
Үүнээс гадна ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төслийг боловсруулсан” гэв.
Хуулийн төсөлд,
– Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоох;
– Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
– Нийтлэг төрийн үйлчилгээний ажилтнуудын цалингийн шатлалыг нэмэгдүүлэх,
– Ирээдүй өв санд төвлөрсөн хүүхдийн хуримтлалыг хүүхдийн эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу 2022 оныг дуустал хүүхдийн 100 мянган төгрөгийг мөнгөн хэлбэрээр үргэлжлүүлэн олгох;
– Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлөх;
– Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэх;
– Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжих зэрэг зохицуулалт тусгагдсан байна.
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулахаар тогтов.