УБЕГ : Иргэн Г-ээс би хэзээ ч өөрийн биеэр бүртгүүлж байгаагүй гэх гомдол мэдээллийг өгсний дагуу гэрлэлтийг хүчингүй болгосон
Тордайн Ганболдын эхнэр Х.Янжингаажид өчигдөр /2022.04.26/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан 2016 онд батлуулсан гэрлэлтийн гэрчилгээг Т.Ганболд УБЕГ-аар устгуулсан гэх мэдээллийг нийтэлсэн. Тэгвэл эл асуудлаар өнөөдөр 12 цагт УБЕГ-аас нэгдсэн байдлаар мэдээлэл хийв.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах “УБЕГ-аас иргэн Г-ийн гэрлэлтийг хуулийн дагуу бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Учир нь иргэн Г-ээс 2021 оны арваннэгдүгээр сард УБЕГ-т хандаад гэрлэсний бүртгэл хүчингүй болгуулъя. Би хэзээ ч өөрийн биеэр бүртгүүлж байгаагүй гэх гомдол мэдээллийг өгсөн. Түүнээс мэдээл устгах гэдэг асуудал УБЕГ-т байхгүй. Хүчингүй болголоо гэдэг нь мэдээллийн сангаас устгаж байна гэсэн үг биш. Тэмдэглэгээ л хийгдэж байгаа зүйл. Өөр нарийвчилсан мэдээллийг өгөх боломжгүй” хэмээн хариулжээ.
А.ЭНХЖИН