Ч.Ундрам: Органик хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих шаардлагатайник хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих шаардлагатай
Органик хүнс, хөдөө аж ахуй эрх зүйн орчныг сайжруулах нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Монгол Улсад Органик хүнсний тухай хууль 2016 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр анх батлагдаж, 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлснийг онцлоод тус хуулиар хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх, хүнс, тэжээл, бордоо үйлдвэрлэх, тэдгээрийг баталгаажуулах, худалдах, импортлох, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх, сурталчлахтай холбогдсон харилцааг зохицуулсаар дөрвөн жил болсныг хэлэв.
Мөн тэрбээр дэлхийн ихэнх улс орнуудын тогтвортой хөгжлийн төлөвлөлтөд органик хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл чухал байр суурь эзэлдэг бөгөөд хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн арга технологи шинэчлэгдэж, хүнсийг органик байдлаар хэрэглэх хандлага улам нэмэгдэж байна. Улмаар органик бүтээгдэхүүний зах зээлд эзлэх хувь жил ирэх тутам өссөөр байгаа тул хөдөө аж ахуйн бодлогоо органик үйлдвэрлэлийн зарчимд нийцүүлэн өөрчлөх, шинэчлэлийг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн.
Дараа нь НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуй байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа үг хэлсэн. Тэрбээр, Монголын ард түмэн сүүлийн жилүүдэд органик бүтээгдэхүүний хэрэглээндээ анхаарч бусад улс оронтой туршлага солилцож, хууль эрх зүйн орчиндоо шинэчлэл хийж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв.
Үргэлжлүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Тунгалаг “Монгол Улсын органик хүнс, хөдөө аж ахуй салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвээр, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуй байгууллагын Монгол ногоо төслийн менежер Б.Алтанцэцэг “Ажлын хэсэг, төлөвлөсөн үйл ажиллагааны зохион байгуулалт ба хүлээгдэж буй үр дүн”-гийн талаар тус тус танилцуулга хийсэн юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, санал солилцож, байр сууриа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.