ЧУУЛГАН: Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
Улсын Их Хурлын 2022 оны Хаврын чуулганы өнөөдрийн /2022.04.28/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
- Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/
Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Далайн ашиглах тухай хуульд ямар өөрчлөлт оруулах вэ?
Далай ашиглах тухай хуулийг 1999 онд баталж, 2007 онд нэг удаа өөрчлөлт оруулжээ. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Далай ашиглах тухай хууль нь 5 бүлэг, 22 зүйлтэй заалттай бөгөөд хөлөг онгоцны бүртгэл, далай ашиглах үйл ажиллагаа, хөлөг онгоц болон түүний багийн гишүүдэд тавих шаардлага, техникийн үзлэг шалгалт зэргийг ерөнхийлөн тусгасан, далай дахь аюулгүй байдлыг хангах талаар зохицуулалт оруулаагүй, олон улсын гэрээ конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтгүй, хуулийг практикт хэрэглэх боломж бололцоо сул, цаг үеэсээ хоцрогдмол байсан гэж үзжээ.
Энэ удаагийн шинэчилсэн найруулгын төслөөр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцын шаардлага, Олон улсын далайн байгууллага, түүний аудитын шалгалтын мөрөөр гаргасан зөвлөмжийн дагуу хуулийн 50-иас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа тул Хууль тогтоомжийн тухай хуулийн 25.1.2-т заасны дагуу Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах өөрчлөлтийг тусгасан байна. Нэн тэргүүнд хөлөг онгоцны зориулалтаас хамаарсан олон улсын жишигт нийцүүлсэн шаардлагуудыг тусгаж өгсөн бөгөөд эдгээр шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих эрх, үүрэг бүхий Далбааны эзэн улсын хяналтыг шинээр тусгажээ.
Түүнчлэн хөлөг онгоцонд техникийн үзлэг шалгалт хийж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий Монгол Улсаас хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих, томилохтой холбоотой зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн болон бүртгэгдэх хөлөг онгоцны баг, ахмадад тавигдах шаардлага, ээлжийн ажиллагаа болон чиг үүргийг нарийвчлан олон улсын гэрээ конвенцид нийцүүлэн үндэсний хууль тогтоомжид тусгах нь зүйтэй хэмээн үзэж, төсөл холбогдох зохицуулалтыг тусгасан байна.