|

“Бэлтэс Мөрөн“ ХХК-ийн удирдлагууд хилээр гарч зугтааж болзошгүй

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” ХХК учир битүүлгээр иргэдийн мөнгийг өсгөж өгдөг гэх дам яриагаар тус компанийн гадна иргэд хонон өнжин дугаарлаж, дарааллаа булаацалдан эмх замбараагүй байдал үүсч байв.

Тус компани нь ихэвчлэн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний мөнгийг авч, улмаар сарын дараа хүү тооцон их хэмжээгээр нэмэгдүүлэн буцааж өгдөг аж. Ингэхдээ эхний удаад иргэдээс хамгийн ихдээ 10 хүртэлх сая төгрөгийг бэлнээр авч, 10 сая төгрөг байршуулсан иргэнд 3.000.000 төгрөгийн хүү нэмж олгоно хэмээдэг аж. Үүнийг цагдаагийн байгууллагаас залилангийн гэмт хэрэгт тооцож, хэрэг үүсгэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Цагдаагийн байгууллага шалгаж эхэлмэгц тус компанийн зүгээс “Цагдаагийн байгууллага компанийн үйл ажиллагааг зогсоосон тул хохирлыг бид барагдуулахгүй” хэмээн мэдэгдэл бичсэнээ тэр даруй устгасан. Энэ нь хэрвээ асуудал буруу эргэвэл “Бэлтэс Мөрөн” ХХК иргэдийг хохироогоод, хохирлыг барагдуулахгүй байх вий гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлсэн.

Тиймдээ ч иргэдийн зүгээс “Бэлтэс Мөрөн” компанийн удирдлагуудад хилийн хориг тавих ёстой, эс бөгөөд хил гараад зугтвал хариуцлагыг хэн үүрэх вэ гэсэн асуудлыг тавьж эхлэн Хөвсгөл аймагт жагсаал цуглаан зохион байгуулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар таслан сэргийлэх арга хэмжээ явагдаагүй үед чөлөөтэй зорчих эрхтэй байдаг. Энэ байгууллагын үйл ажиллагааг явуулж буй этгээдүүд тэнд цугласан их хэмжээний мөнгийг аваад гадаад улс руу гарч алга болбол мөнгө оруулсан иргэд бүгд хохироод үлдэх эрсдэл үүсээд байгаа юм.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *