Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно
Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2022.04.29/ болно. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.
Хэргийг эргэн сануулахад, Н.Түвшинбаяр нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан. Э.Энхбат Өмнөд Солонгост эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь дээрдэхгүй, эх орондоо ирэн таалал төгссөн.
Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтэл учруулан, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хөнөөж, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.1.онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Н.Түвшинбаярын хувьд өнгөрсөн 2021 оны тавдугаар сарын 20-ны өдөр суллагдаж, гадуур байцаалт өгч байв. Гадуур байцаалт өгөх хугацаандаа тэрбээр Монголын үндэсний олимпийн хороогоор орж, ажилдаа эргэн орсноо мэдэгдэж, түүний нарийн бичгийн дарга олимпийн хорооны тамгыг авч зугтсан хэрэг гарсан. Гэвч МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хуралдаж, Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн юм. Удалгүй Н.Түвшинбаяр авч явсан тамгаа эргүүлэн өгснийг мэдэгдсэн билээ.