“НИЙГМИЙН ИННОВАЦ, ТҮНШЛЭЛ” үндэсний форум боллоо
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шинжлэх Ухаан технологийн их сургуультай хамтран 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн номын сангийн хурлын танхимд зохион байгууллаа.
Тус форумын зорилго нь нийгмийн ажлын үүсэл, хөгжил, нийгмийн ажлын болон технологийн шинэчлэл, олон улсын жишигт нийцсэн нийгмийн инновацыг нийгмийн ажил үйлчилгээнд өргөн нэвтрүүлэх, нийгмийн ажилтны ёс зүй, харилцаа хандлага, оролцоо, манлайллыг бэхжүүлэх, нийгмийн шинжлэх ухааны мэргэжлийн хөтөлбөрүүдийн сургалт, судалгааны түншлэл, шинэ хандлага, үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн.
“Нийгмийн инновац, түншлэл” үндэсний форумыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, ШУТИС-ийн захирал, (доктор (Ph.D), профессор Т.Намнан, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Г. Мөнхнасан нээж, форумын оролцогчдод амжилт хүсэв.
Форумын үйл ажиллагаанд нийгмийн хамгааллын салбарын ажилтан, албан хаагчид, удирдлагууд, нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, төр төрийн бус, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл 135 төлөөлөгчид танхимаар оролцож, нийслэлийн 9 дүүргийн 204 хороодын нийгмийн ажилтнууд цахим хэлбэрээр оролцов.
Үндэс илтгэл: “Нийгмийн инновац ба нийгэм 5.0 бодлого”,
Я.Төгөлдөр, (доктор, Ph.D), дэд профессор) ШУТИС. БУХС-ийн Нийгмийн ухааны салбарын эрхлэгч
“Нийгмийн шинжлэх ухаанд энтерпрайз сэтгэлгээг хөгжүүлэх нь”, О.Мөнхбат, профессор), МУИС-ийн ШУС-ийн профессор
Нийгмийн ба боловсролын инновац” Э.Чулуунцэцэг. МУБИС-ийн НХУС-ийн багш, хууль зүйн магистр “, илтгэлүүд танилцуулж, хэлэлцүүлэв.
Форумын 2 дугаар хэсэгт 4 салбар хуралдаан, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдаж, Нийгмийн шинжлэх ухаан, мэргэжлийн хөтөлбөрүүдийн сургалт, судалгааны түншлэл, шинэ хандлага, нийгмийн ажлын шинэчлэл, үйлчилгээний чанар хүртээмж, үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн илтгэлүүдийг танилцуулж, хэлэлцүүлэв.
Форум нь 4 салбар хуралдаан хэлэлцүүлгүүд зохион байгуулагдсан.
Олон нийттэй харилцах ажил-хамтын ажиллагаа салбар хуралдаан
Нийгмийн ажил-хамтын ажиллагаа салбар хуралдаан
Төрийн удирдлага-хамтын ажиллагаа салбар хуралдаан
Байгууллагын сэтгэл судлал-хамтын ажиллагаа салбар хуралдаан
Нийгмийн ажил-хамтын ажиллагаа салбар хуралдаанд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга- Н.Баярмаа “Хүүхэд гэр бүлтэй ажиллах нийгмийн талаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, цаашдын зорилт” илтгэл, Нийслэлийн гэр бүл, хүүхэд,залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Г.Мөнхнасан“ Гэр бүл, хүүхэд,залуучуудын салбарт нийгмийн ажилтны хэрэгцээ шаардлага”, Н.Нямдорж (доктор (Ph.D) “Нийгмийн ажлын боловсролын өнөөгийн байдал, цаашдын хандлага”, БНСУ-ын судлаач Ким Жэ Сонь “ БНСУ-ын нийгмийн ажилтны мэргэжлийн зэрэглэл олгох тогтолцоо, хөгжлийн үйл явц” сэдвээр илтгэл танилцуулж, оролцогчдын санал, асуултыг хүлээн авч, өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.
Танхим цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын page хуудас, Live -аар дамжуулан иргэд олон нийтэд хүрснээрээ тус форум онцлог болж, нийгмийн инновацыг хөгжүүлэх чиглэлд салбарын бүхий л талууд нэгдсэн санал, дүгнэлтэд хүрснээрээ үр дүнтэй боллоо.