Дэлхий даяар хүүхдүүд учир шалтгаан тодорхойгүй хүнд хэлбэрийн хепатит тусч байна
Дэлхий даяар 190 хүүхэд учир шалтгаан нь тодорхойгүй хүнд хэлбэрийн хепатит туссан байна. Эдгээрээс 100 гаруй тохиолдол нь Их Британид бүртгэгдсэн бол үлдсэн нь АНУ, Израиль, Дани, Ирланд, Нидерланд, Испани, Итали, Норвеги, Франц, Румын, Бельги улсад илэрчээ.
Хепатит бол олон шалтгааны улмаас үүсдэг элэгний үрэвсэлт өвчин юм. Хамгийн түгээмэл шалтгаан нь хепатит вирусүүд билээ. Харин эдгээр тохиолдлууд хепатит вирусээр үүсээгүй юм. Тэдгээр улсуудад жил бүр маш бага тооны учир шалтгаан нь тодорхойгүй хепатит бүртгэгддэг ч энэ удаагийн өвчлөлүүд таамаглаж байсан хэмжээнээс их илэрч байгаа аж. Одоогийн байдлаар учир шалтгаан нь тодорхойгүй байгаа ч зарим мэргэжилтнүүд тус тохиолдлуудыг аденовирусийн улмаас үүссэн гэж үзэж байна. АНУ-д бүртгэгдсэн бүх тохиолдолд аденовирусийн 41-р төрлөөр халдварласан нь тогтоогджээ. Мөн Их Британид өвчилсөн хүүхдүүдийн 75 хувь нь аденовирусийн халдвар авсан байна. Аденовирусийн халдвар авахад ханиад, хатгаатай төстэй шинж илэрдэг бөгөөд нүд улайж, гүйлгэх зовуурь мөн илэрдэг. Эрдэмтэд тэдгээр тохиолдлууд коронавирустэй холбоогүй гэдгийг шинжилгээгээр илрүүлсэн байна.
Эх сурвалж: Live Science
Б.БУЯНДОРЖ