Батлан хамгаалах салбар хүүхэд хамгааллын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа
Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн чуулганыг угтаж, Батлан хамгаалах яамнаас тус салбарын хэмжээнд хүүхдийн эрх,хүүхэд хамгааллын асуудлаар ээлжилт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус яамнаас “Хүүхэд, залуучуудын гэр бүлийн хүмүүжил, төлөвшил цэргийн албанд нөлөөлж буй нь”, “Хүүхдийн цахим орчны хэрэглээ ба эцэг, эхийн хяналт”, “Гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд бидний оролцоо” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Батлах хамгаалах салбарын алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлж, алслагдсан аймаг, орон нутагт ажиллаж буй алба хаагчдын хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцлийг сайжруулах шаардлага байгааг хэлэлцүүлгийн үеэр дурдаж байсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3т заасны дагуу алба хаагчийн ажил, амьдралын ачааллыг тэнцвэржүүлэх, залуу гэр бүлийг дэмжиж, хүүхдэд ээлтэй орчныг бий болгохын тулд алба хаагчдынхаа хүүхдүүдэд зориулж цэцэрлэг байгуулснаас гадна алслагдсан аймаг, орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдын хүүхдүүд сурч боловсроход мөнгөн дэмжлэг үзүүлж байгаа гэдгийг илтгэлийн үеэр онцолж байсан юм. Мөн алба хаагчдынхаа хүүхдүүдэд зориулж Цэргийн төв эмнэлэгт хүүхдийн тасаг байгуулжээ.
Цаашид салбарын Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3т заасны дагуу хүүхэд хамгааллын бодлого боловсруулж, байгууллагын дэргэдэх эцэг, эхийн зөвлөлөөр дамжуулан хүүхдэд ээлтэй байгууллага бий болгоход анхаарч ажиллахаа илэрхийллээ.