Х.Болорчулуун: Чойбалсан хотын цэвэр усны шугам сүлжээг шинэчлэх 30 тэрбум төгрөгийг төсөвт яаралтай суулгах боломжгүй
Дорнод аймгийн Чойбалсан хотын цэвэр усны шугам сүлжээ муудан иргэдийн ундны усны асуудал гамшгийн хэмжээнд хүрчээ.
Тодруулбал: Иргэд уух усаа зөөж хэрэглэж буй талаар цахим сүлжээнд нийтлэн Нийтийн аж ахуйн газраа шүүхэд өгсөн талаар тархаад буй. Тэгвэл уг асуудлаар Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн 30 тэрбум төгрөгийн төсөв бүхий тооцоог УИХ-ын гишүүн Х.Болорчулуунд хүргүүлсэн бөгөөд энэ талаар гишүүн өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.
Тэрээр “Аймгийн дарга М.Бадамсүрэнгээс Чойбалсан хотын цэвэр усны шугам сүлжээг шинэчлэх төсөл хүлээн авлаа. Нийт 30 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж тооцсон байна. Өнөөгийн нөхцөлд ийм дүнтэй санхүүжилтийг улсын төсөв, тодотгол дээр түргэн хугацаанд шууд суулган шийдвэрлэх боломжгүй юм.
Өнгөрсөн хугацаанд аймаг, хотын удирдлагуудаас гадна “Дорнод НАА” ОНӨААТҮГ-аас цэвэр усны шугамын талаар төсөл тооцоо гарган, асуудал тавин нухацтай хандаж байсангүй. Нийтийн аж ахуй гэдэг хариуцлага өндөртэй том байгууллагын дарга удирдлага цэвэр усны шугамын засвар шинэчлэл хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг системтэй төлөвлөн ажиллалгүй, асуудлыг ужигруулж ирсэн нь харамсалтай.
Гэвч энэ бүхний хариуцлагыг Чойбалсан хотын иргэд уух ус, эрүүл мэндээрээ төлж, хохирч байна.
Цэвэр усны шугамд шаардагдах дээрх хөрөнгө, санхүүжилтийг улсын төсөв болон орон нутагт очих санхүүжилтээс, олон улсын байгууллагын төслийн зээл зэрэг бүхий л боломжийг ашиглан олж аль болох богино хугацаанд шийдэх нь чухал! Үүнд анхааран ажиллах болно” гэжээ.
Г.ОЮУНТУЯА