Швед улсаас мод үржүүлгийн технологи нэвтрүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж нар Шведийн Хаант Улсад ажиллалаа.
Тус томилолтоор Шведийн нийслэл Стокхольм хотод ажиллаж, , Швед улсын Байгаль орчны дэд сайд Андерс Гронволл Аж ахуйн нэгж, инновацын яамны Ой, байгаль орчин болон судалгааны газрын дарга Аннелие Стиглунд нартай уулзаж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар олон улсын түвшинд явуулж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэн, санал солилцсон байна.
Мөн Малмо хотод байрших Нордикийн Генетик Нөөцийн Төвтэй танилцаж, Ойн ургамлын генетик нөөцийн хамгаалал, үрийн банк байгуулах чиглэлд хамтран ажиллах боломжийг хэлэлцжээ.
Үүнээс гадна Скогфорск хотод байрлах Шведийн Ой Судлалын хүрээлэн, Модлог ургамлын үржүүлэг, нөхөн сэргээлт, хүйтэн, ганд тэсвэртэй ургамлын үржүүлэг, Экеба, Свалев дахь их сургуулийн үйл ажиллагаатай тус тус танилцаж, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрдэнэт ТӨҮГ-ын санаачилсан модлог ургамлын тарьц үржүүлгийн цогцолбор байгуулах, түүний дотор BCC Co Ltd компанийн үр, боргоцой боловсруулах болон тарьц үржүүлгийн автоматажсан үйлдвэрийн системийг судалж, Монголд нийлүүлж, суурилуулах боломжийн судалгаа, хамтын ажиллагааны ойлголцлын санамж бичиг байгууллаа.