Цагдаагийн албан хаагчийн биед халдсан этгээдийг 250.000 төгрөгөөр торгожээ
Өнгөрсөн дөрөв дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн зөрчил гаргасан жолооч цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тодруулбал, Механик инженерийн их сургуулийн уулзварт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчлийг шалгахад Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон асуудлыг ХУД-ийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс шалгаж Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 1 жилээр хасаж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, мөн зөрчил гаргагч Б нь Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйл “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн асуудлыг нутаг дэвсэгрийн харьяаллаар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газраас шалгаж зөрчлийн тухай хуулиар 250.000 төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулсан.