Цахим сүлжээнд тархаад буй улиасны ургалт нь зогссон тул 2017 онд тайрч, сийлбэр хийсэн
“Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн зүүн талд байрлах моддыг тайрч, сийлбэр хийж байна” гэх тайлбартай зураг цахим орчинд тархаад буй. Уг зураг нь 2017 оных бөгөөд СУИС-ийн оюутнууд ургалт нь зогссон моддын сууринд сийлбэр хийсэн юм.
Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийн арчилгаа, усалгаа, мод шохойдолт, цэвэрлэгээний ажлуудыг тогтмол хийдэг. Энэ хүрээнд ургалт нь зогссон дээрх гурван улиасыг 2017 онд тайрч, үлдсэн суурин дээр нь тухайн үеийн СУИС-ийн төгсөх ангийн оюутнууд бүтээлээ сийлжээ.
Энэ тухай Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн захирал Э.Ганчимэг “Амьд моддыг тайраад, сийлбэр хийнэ гэж байхгүй. Бид ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна” хэмээв.
Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийн арчлалт, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Энэ хүрээнд мөн мод цэвэрлэгээ, таналт, хэлбэржүүлэлт, усалгааны ажлуудыг хийж байгаа юм.
Эх сурвалж : Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар