Хүүхдийн нэр барин босгосон хандив ТОМЧУУДЫН ХАЛААСАНД ОРОХ УЧИРГҮЙ

Шинэ оны өмнөхөн Монголын урлаг соёлын бүх л одод хамтран “Хүүхдийн төлөө фонд” ТББ-д хандив өгөхийг ард иргэдээс хүсэн тоглолт зохион байгуулсан. Энэхүү хандивын тоглолтоороо нийт 5.5 тэрбум төгрөгийн төсөв хуримтлагдсан бөгөөд энэхүү фонд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэдэлд байдаг аж.

Гэтэл өнөөдрийг хүртэл тэр мөнгө юуны төлөө, хэнд зориулагдаж байгаа нь тодорхойгүй байгаа учир иргэдийн дунд хүүхдийн төлөө гэх тодотголтой уг фонд нь “хүүхдийн нэр барьж мөнгө угаах арга биш биз” гэх хардлага ч төрөх болсон.

Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэвлэлд ярилцлага өгөхдөө “Хүүхдийн фондын 5.5 тэрбум төгрөгийг эмчилгээний зардалд зориулах боломжгүй. Харин тэмцээн уралдаанд түрүүлсэн хүүхдүүдийг дэмжих хуулийн зохицуулалттай ” хэмээжээ.

Амжилт гаргасанд нь урамшуулал олгож болдог мөртлөө өвчиндөө шаналан өнөөдөр маргаашаа аргацаан эмчилгээ хийлгэж буй хүүхдийн эмчилгээний зардалд хөнгөлөлт байхгүй гэх ялгавар хандлага дээр дооргүй үйлчлэх аж.

Сүүлийн үед бага насны хүүхдүүд Монголд эмчлэгдэх боломжгүй хорт хавдар, элдэв хүнд хэлбэрийн өвчин эмгэгт өртөх нь элбэг болсонтой холбоотойгоор цахим сүлжээнд хандивын зураг, мэдээлэл тасрахгүй болсон нь харамсалтай. Эгэл жирийн ажилчин гэр бүлийн үр хүүхэд хэдэн зуун саяар гадаад улсад эмчилгээ, хагалгаа хийлгэх боломжгүй тул аргагүй эрхэнд төв талбайд нулимс дуслуулан ард түмнээсээ хандив гуйх эцэг эхчүүдэд төр засгаас тусламж үйлчилгээ үзүүлэх, эмчилгээний зардалд хөнгөлөлт үзүүлэх битгий хэл Хүүхдийн фондын мөнгөө сураг алдуулан мартуулах санаатай байх шиг.

Нэг хэсэг Төв талбайг стресс тайлах талбай гэж элэглэх болсон бол одоо энэ талбай үр хүүхдийнхээ эмчилгээний зардлыг олох гэсэн олон олон эцэг эхчүүдийн нулимстай талбай болж дууслаа….

Ж.ХАЛИУН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *