СХД-ийн 21 дүгээр хорооны нутагт үүссэн 9,000 тонн хур хогийг цэвэрлэж, ойжуулахаар болжээ
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Хүй 7 худгийн морь барианы ард таван байршилд нийт 8 га газрын 20 мянган ам метр, 9,000 тонн хур хогийн цэг үүссэн байсныг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөжээ.
Энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай өчигдөр 21-р хорооны Засаг дарга Б.Энхням болон тус хорооны 12 хэсгийн ахлагчдыг хүлээн авч уулзлаа.
Тус хороо нь мал бүхий суурьшлын бүс бөгөөд газар нутгийн хувьд хэсгийн бүтэц таруу, хүн амын хувьд сүүлийн жилүүдэд Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал, малтай өрхийг зөвшөөрсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх болсонтой холбоотойгоор өсөж буй юм.Үүнтэй холбоотойгоор мал бүхий иргэдийн малын гаралтай хог хаягдлын асуудлыг тооцож, шийдвэрлээгүйн улмаас эзэнгүй газруудад үхсэн малын сэг зэм, ашиглагдахгүй өтөг бууц асар ихээр хаяж үүсмэл хогийн цэгүүд үүсэх болсон.
Дүүргийн Засаг дарга тус хорооны удирдлага, хэсгийн ахлагч нартай уулзах үеэрээ “Хоггүй хороо” болох уриаг дэвшүүлж өрх бүртэй нэг бүрчлэн уулзалт хийн, ил задгай хог хаяхгүй байх зөвлөмжийг өгч ажиллахыг санууллаа. Хур хог үүссэн газрыг цэвэрлэсний дараа тухайн газрыг арчлах, хамгаалах тал дээр цагдаагийн газар, газар зохион байгуулалтын алба, 21 дүгээр хороо, дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллана гэдгээ хэлэв.
Мөн уулзалтын үеэр удирдлагаар шуурхай шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлын талаар санал солилцож, хэд, хэдэн шийдэлд хүрэв.
Тодруулбал,
- 21-р хорооны айл өрхүүдийн ахуйн хог хаягдлыг “Улаанбаатар шинэчлэл” ХХК сард хоёр удаагийн давтамжтайгаар ачиж тээвэрлэж байх,
- Хур хогийн цэг үүссэн талбайг цэвэрлэж “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулах,
- Оршин суугчдыг малын гаралтай болон ахуйн хог хаягдлыг ил задгай хаяснаар орчны бохирдол үүсгэж буй хор уршгийг таниулах,
- Орчны бохирдол үүсгэхгүй байхад иргэдтэй хамтарч ажиллах нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах,
- Хог хаягдлын менежменттэй холбоотой хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр болсон гэж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.