Ж.Чинбүрэн : 21 настай иргэн эрхтний донор болох боломжтой боллоо
УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж. Чинбүрэн, Ц.Туваан нар Донорын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн”Нэмэлт өөрчлөлтөөр тодорхой таван зүйлийг тусгалаа.
Уг Ажлын хэсэг ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албатай хамтран “Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг”-ийг 2022 оны тавдугаар сарын 05-д Төрийн ордонд зохион байгуулав.
Улмаар 2012 онд батлагдаж, 2018 онд шинэчилсэн Донорын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлджээ. Тус хуульд нэгтгэсэн байдаг цусны донор болон эд, эс эрхтэн шилжүүлэн суулгах тухай хоёр агуулгыг салгахаар бэлтгэж УИХ-д өргөн барьжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн : “Хуульд 25 настай иргэн эрхтний донор болох боломжтой байсан бол 21 нас болгон өөрчилж буй. Хоёрдугаарт хагалгааны дугаарлалт ил байх шаардлагатай байгаа учраас шилэн жагсаалт бүхий тогтолцоо бий болгоно. Гуравдугаарт амьгүй донор маш олон хүнийг авардаг. Нэг амьгүй донор 6 хүний амийг аврах боломжтой. Тиймээс амьгүй донорын эд эртхэнийг ашиглаж байгаа бол оршуулгын зардлыг даадаг болно. Дөрөвдүгээрт амьд донор болсон иргэдийг жилд нэг удаа сувилалд үнэгүй амраадаг болно. Тавдугаарт ЭМЯ-д Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах зөвшөөрлийг олгодог ёс зүйн хороо байгуулна” гэв.
Цусны донор, эд, эс эрхтэн шилжүүлэн суулгах хоёрыг ялгах хамгийн чухал шаардлага нь сурталчилгаа. Цусны донорыг цусаа өгөөрэй хэмээн уриалан сурталчилж болдог бол эрхтнээ өгөөрэй хэмээн уриалж болохгүй гэж тэрээр нэмэв.
Т.ТҮШИГ