ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Төв аймагт ажиллаж байна
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Төв аймагт ажиллаж байна Хууль, зүй дотоод хэргийн яамнаас 2022 оныг хувийн эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарлаж, Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг эрчимжүүлж, төрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн хуулиудыг өргөн бариад байгаа билээ.
Тухайлбал, энэ сарын 1-нээс мөрдөж эхэлсэн цахимын багц хуулийн хүрээнд төрийн бүтээмжийг сайжруулах ажлуудыг зохион байгуулж байгаа юм. Иргэдэд тоон гарын үсэг олгосноор иргэд төрийн үйлчилгээг гэрээсээ авах боломж бүрдэж байгаагаас гадна дундын мэдээллийн сан дахь мэдээллийн аюулгүй байдал хамгаалагдаж байгаа онцлогтой. Тэгвэл цаашид төрийн бүтээмжийг улам сайжруулж, авлигын хэргийг бууруулахын тулд Төрийн өмчит орон нутгийн компанийн тухай хуулийн төслийг боловсруулан, УИХ-д өргөн бариад байгаа юм.
Мөн бизнес эрхлэгчдэд олгох тусгай зөвшөөрлийн тоог бууруулах, бизнест саад учруулж буй зарим төрлийн хяналт шалгалтыг бууруулах хуулийн төслийг боловсруулаад буй. Батлагдсан хуулиудын хэрэгжилт орон нутагт ямар түвшинд байгаа, хуулийн байгууллагын албан хаагчдын ажлын нөмцөлийг сайжууруулахаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар орон нутагт ажиллаж буй билээ. Энэ хүрээнд өнөөдөр Төв аймагт ажиллаж, харьяа агентлагуудын үйл ажиллагаатай танилцаж байна.
Тэрбээр томилолтын үеэрээ төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор Төв аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс шинэ ТҮЦ машин суурилууллаа. Ингэснээр Төв аймгийн иргэд улсын лавлагаа, хуулийн этгээдтэй холбоотой үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдэж байна. Ташрамд, ХЗДХЯ-наас Төв аймгийн хууль хүчний байгууллагын албан хаагчдад зориулсан “30 айл”-ын орон сууцыг Барилга, хот байгуулалтын яамтай хамтран барихаар болжээ. Төв аймаг нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын ажиллаж буй 12 дахь аймаг бөгөөд тэрбээр маргааш Хөвсгөл аймагт ажиллана.