Г.Ёндон: “Эрдэнэс Монгол” компанийн бүтцийг өөрчилнө
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих зөвшөөрлийг олгосныг УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэв.
Тэрбээр, “Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялгийг ашиглах суурь зарчмыг баталж, Үндэсний баялгийн сангийн тухай концефцийг оруулж ирсэн. Ингэхдээ гадаадын баялгийн 100 гаруй сангийн нийтлэг зарчим, бодлого төлөвлөлтийг уялдуулсан байгаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хөгжлийн болон хуримтлалын сантай байх бодлоготой нийцүүлэн боловсруулсан. Өнөөдрийн өргөн барьсан хуульдаа хөгжлийн сан нь дахин нөхөгдөшгүй байгалийн баялгийг арвижулах, үржүүлэх, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санхүүжилт бий болгоно гэсэн зарчмыг тусгасан” гэдгийг тэмдэглэсэн юм.
Түүнчлэн, “Эрдэнэс Монгол” компанийн бүтэцтэй холбоотой өөрчлөлт оруулж байгаа аж. Учир нь гадаадын үндэстэн дамнасан компаниуд дотроо груп хэлбэрээр байдгийн адилаар төрийн өмчийн уул уурхайн компаниуд “Эрдэнэс Монгол” компанид төвлөрч нэгдсэн бодлого төлөвлөлттэй явна. “Эрдэнэс Монгол” компанийн бүтцийг удахгүй шинэ хэлбэрт оруулж бүрдүүлэхийг тэрбээр онцлов.
Үүнтэй холбогдуулан иргэдийн дунд Үндэсний баялгийн сангийн хэлэлцүүлгийг хэд хэдэн удаа зохион байгуулахаар төлөвлөжээ.