Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сайжруулах, хөдөө аж ахуйг дэмжих багц зээлийг шуурхай олгох чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа.
Улсын хэмжээнд гол нэрийн 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүний нийт 204.5 мянган тн нөөцтэй байна. Хоногийн хэрэглээгээр тооцвол гурил, гурилан бүтээгдэхүүн 160, элсэн чихэр 142, төмсний 88, махны 62, төрөл бүрийн будааны 48, давсны 40, ургамлын тосны 30, хуурай сүүний 22, хүнсний ногооны 16, өндөгний дөрөв хоногийн нөөц байна.
Энэ сарын 5-ны байдлаар 2143,6 тн нөөцийн мах борлуулсан нь нийт бэлтгэсэн махны 17 орчим хувь байна. Иргэд нөөцийн махны чанарт сэтгэл хангалуун, үнэ зах зээлийн үнээс 35 хувиар хямд байна. Гэсэн ч нөөцийн махны борлуулалтын түвшин өмнөх оны мөн үеэс 45 хувиар бага байна. Иймд салбарын яамнаас Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албатай хамтран нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нягтаршил ихтэй төвлөрсөн худалдааны төв, орон сууцны хороолол, захын дүүргүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Гурил, махны үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу хүн амын 2022-2023 оны хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчид 130, дотоодын улаан буудайгаар гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Засгийн газрын хуралдааны товч мэдээ:
· “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, есөн айлын орон сууцыг одоо амьдарч байгаа албан хаагчдад нь үнэ төлбөргүй хувьчилна.
· 2022 оны гуравдугаар сард цахимаар зохин байгуулсан Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын II хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх төлөвлөгөө баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Б.Мөнхбаатарт даалгав.
· Улсын тэргүүний сумаар Төв аймгийн Алтанбулаг, Булган аймгийн Хутаг-Өндөр, Завхан аймгийн Тэс, Дорнод аймгийн Халхгол сумыг шалгаруулж, тус бүрийг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэв.