Үйлдвэрлэлийн хаягдал ус ашиглалт, жишиг цэвэрлэх байгууламжтай танилцав

Монгол Улсын Их Хурлаас Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг анх 2012 онд баталж, 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн сард байгуулагдсан. Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг ахалж, гишүүнээр Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Ц.Туваан, Т.Энхтүвшин, Г.Ганболд нар ажиллаж байгаа юм.
Мөн ажлын хэсгийн дэд хэсэгт БОАЖЯ-ны Усны бодлого зохицуулалтын газрын дарга Г.Хоролмаа, Усны газрын дарга Ш.Мягмар нар ажиллаж, өнөөдөр (2022.05.11) Баянзүрх дүүрэгт ажиллаж, “Эм Си Эс Кока Кола” ХХК болон “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн удирдлагуудтай уулзлаа.
“ЭМ СИ ЭС КОКА КОЛА” КОМПАНИ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХАЯГДАЛ УСАА “MBR” ТЕХНОЛОГИЙН ОРЧИН ҮЕИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖААР ЦЭВЭРЛЭЖ, БУСАД ААН-ИЙГ ҮНЭГҮЙГЭЭР АШИГЛАХЫГ САНАЛ БОЛГОВ
“Эм Си Эс Кока Кола” компани нь үйлдвэрийнхээ хаягдал усыг цэвэрлэх байгууламжийг 2010 онд ашиглалтад оруулсан.
Ингэснээр цэвэрлэсэн усаар ногоон байгууламж услах, гал түймэр унтраах, мөн автомашин угаалгын газар, бетон зуурмагийн үйлдвэр болон хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт ашиглах боломж бүрджээ. Хаягдал усыг цэвэрлэх байгууламж нь хоногт 2.000 тн, жилд 150.000-200.000 тн ус цэвэршүүлдэг.
Гэвч нийт цэвэрлэсэн усны 3%-ийг нь дээрх чиглэлд ашигладаг. Үлдсэн усаа төв цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг тухай холбогдох албаныхан танилцууллаа.
Иймд ААНБ-уудад тус цэвэрлэсэн усны хэрэглэгч болох боломжтойг онцоллоо.
“АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨХК “ЭМ СИ ЭС КОКА КОЛА” КОМПАНИЙН ЦЭВЭРЛЭСЭН УСЫГ УЛИАСТАЙН ГОЛЫН ХАЛИАНЫ УСНЫ ХАМТ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ ГЭВ.
Ажлын хэсгийн гишүүд үргэлжлүүлэн “Эм Си Эс Кока Кола” компанийн цэвэрлэсэн усыг дахин ашиглах боломжтой эсэх талаар санал солилцох зорилгоор “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Амгалан дулааны станц” ТӨХК нь “Эм Си Эс Кока Кола” компаниас холгүй оршдог. Тус дулааны станц нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Улиастайн ай сав газарт 6 худаг гаргаж, гүний ус ашиглан дүүргийнхээ 60 мянган айл өрхийг дулаанаар хангадаг. Өвлийн оргил ачааллын үед цагт 40.000-50.000 тонн ус хэрэглэдэг гэж “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Баянмөнх танилцуулав.
“ЭМ СИ ЭС КОКА КОЛА” компанийн цэвэрлэсэн усыг үйлдвэрлэлдээ дангаар нь ашиглахад улирлаас шалтгаалсан хэрэглээний урвуу хамааралтайг онцолсон юм.
Иймд тус цэвэрлэсэн усыг Улиастайн голын халианы усны хамт үйлдвэрлэлдээ ашиглах боломжтой гэлээ.
Энэ хүрээнд тооцоо, судалгаа хийгдсэн тухай танилцуулсан юм.
Цаашид ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор УИХ-аас байгуулсан ажлын хэсэг бусад үйлдвэр, аж ахуйн нэгжид биеэр очиж танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллах юм.
Мөн ААН-үүдийг үйлдвэрлэлийн хаягдал усаа өөрсдөө стандартад нийцүүлэн цэвэрлэх, дахин ашиглахад уриалж, хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулан ажиллана.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *