ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхамын ая тухыг хангахын тулд төсвийн 127 сая төгрөгөөр дарга ширээ, тансаг зурагт, тавилга, хивс худалдаж авчээ
Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу 2021 оны 12 дугаар сарын 09-ний Шүүхийн ерөнхий зөвлөл анхдугаар хуралдаанаа хийж Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Д.Зүмбэрэллхамыг томилсон байдаг.
Харин Д.Зүмбэрэллхам ШЕЗ-ын даргын тамга тэмдгээ гардаж авсан даруйдаа шүүхийн шинэчлэлээс ажлаа эхлүүлэхийн оронд сандал, ширээ, зурагт, хивс худалдаж аван ая тухаа хангахаас ажлаа эхлүүлжээ гэж хэлэхэд хилс болохооргүй байна.
Үүнийг дараах баримтууд нотолж байгаа юм.
Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс: 2021 оны 12-р сарын 20-ний өдрийн “181” тоот худалдах, худалдан авах гэрээгээр “БСБ оффис мебель” ХХК-иас 19,861,112 төгрөгөөр усны хамгаалалттай, улаан хүрэн өнгийн дарга ширээ, сэтгүүлийн ширээ, бичиг хэргийн шүүгээ, хурлын сандал зэргийг худалдаж авсан байна.
Мөн 2021 оны 12-р сарын 23-ны өдөр 49,841,460 төгрөгөөр “БСБ оффис мебель” ХХК-иас тавилга, 6,799,400 төгрөгөөр “БСБ оффис мебель” ХХК-иас 6 ширхэг буйдан, “БСБ комерс” ХХК-иас 14,938,800 төгрөгөөр удирдлагын сандал тус тус худалдаж авчээ.
Үүнээс гадна Шүүхийн Ерөнхий зөвлөл 2021 оны 12-р сарын 21-23-ны өдрийн хооронд, “Киберком” ХХК-иас 18,280,000 төгрөгөөр S7 загварын Galaxy tab, “БСБ комерс” ХХК-иас 6,199,900 төгрөгөөр LG брэндийн 75 инчийн зурагт, 11,579,900 төгрөгөөр “Натурал текстайл” ХХК-иас 10 ширхэг хивс худалдаж авсан болох нь холбогдох баримтаар нотлогдож байгаа юм.
Товчхондоо бол Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зөвхөн энэ мэтээр гуравхан хоногийн дотор төсвийн 127,500,572 төгрөгийг тансаг зурагт, дарга ширээ, тавилга, буйдан, хивс зэргийг худалдаж авахад зориулж, төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан болох нь тодорхой байна.
Зарим эх сурвалжийн зүгээс эдгээр өндөр үнэтэй тавилга, сэлтүүдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамын ая тухыг хангахын тулд тус газраас тендер зарлалгүйгээр аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулах замаар шууд худалдан авсан гэдэг мэдээллийг өгч байгаа юм.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN