Согтуу хүнийг дээрэмдсэн этгээдийг илрүүлжээ
Согтуу хүнийг дээрэмдсэн этгээдийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлжээ.
Тодруулбал, энэ оны тавдугаар сарын 12-ны өдрийн 10 цаг орчимд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Нэр бүхий үйлчилгээний байгууллагын гадна үл таних хүнд зодуулж, дээрэмдүүлсэн” гэх дуудлага мэдээлэл ирүүлжээ.
Мэдээллийг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгахад 47 настай эрэгтэй Б гэгчийг согтуу явж байхад нь үл таних эрэгтэй биед нь халдаж, гар утсыг нь дээрэмдэн зуртсан байжээ. Цагдаагийн алба хаагчид уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 52 настай Г гэгчийг саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иргэд та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа өөрийн өмчийн эд зүйлсийг сонор сэрэмжтэй авч явах, шөнийн цагаар гэрэлтүүлэгтэй газраар зорчих, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.