Г.Эрдэнэтунгалаг: Энгийн нэгэн хэвийн амьдралаар амьдрах нь надад сонирхолгүй санагддаг

Зөвхөн дээдсийн хүрээнийхэнд зориулсан VIP тоглолтоо чамгүй өндөр үнээр, цомхон хэмжээнд зохион байгуулдаг дуучин Г.Эрдэнэтунгалаг уран бүтээлээсээ илүү хувийн амьдралдаа анхаарал хандуулах болсон. Түүний дотоод сэтгэл болон өөрийн үзэл бодлын талаар ярилцлаа.

-Усанд хаясан чулуу мэт алга болсон дуучин Эрдэнэтунгалаг МАН-ын хариуцлагатай хүн болж, карьер хөөх боллоо. Их хуралд нэр дэвшин гарч ирэх хүсэлдээ хөтлөгдөж шинэ уран бүтээлч хийхгүй алга болоод гээд л олон хүмүүс ярьдаг. Тэгвэл гэнэт үнэнч шүтэн биширэгчдтэйгээ уулзан өөрийн тоглолтыг хийх болсон гэх мэдээг дуулгасан байгаа. Та сүүлийн үед ямар ажил төлөвлөж, түлхүү ажилласан бэ?  

-2016 оны сонгуулиас хойш уран бүтээлчийн хувьд маш хүнд цаг үе тулгарсан. Тэр яг юу юм бэ гэхээр зүгээр дуучин болоогүй, тохиолдлын юм гэж ерөөсөө байдаггүй. Хүний хувь тавилан гэж ондоо зүйл. Би зүгээр уран бүтээлч болоогүй, олонд танигдаагүй тийм болохоор ямар нэгэн зорилготойгоор нийгэмд ямар нэгэн өөрчлөлт авчрах хэмжээний тийм зорилгоор уран бүтээлээ хийх ёстой юм байна гэдгээ ойлгосон. Үүн дээр маш олон судалгаа хийгээд яг бодож байсан, хийхийг хүссэн зүйлээ сонсогч олондоо хүргэхээр сэтгэл шулуудсан ч дэлхий нийтийг хүнд байдалд оруулсан Корона өвчинтэй нүүр тулаад цаг хугацааны байдлаас хамаарч хойшилсон. Цар тахлын хугацаанд олон зүйлийг тунгааж бодохоос гадна, манайхны хэлдгээр гэртээ байх хугацаагаа ашиглаад хөөрхөн хүүтэй болоод амжсан. Тэгэхээр усанд хаясан чулуу шиг алга болоогүй байгаа. /инээв/

-Таныг тойроод их олон сенсаци мэдээнүүд явдаг байлаа. Цагаан хувцастайгаа баригдлаа, улс төрийн карьар хөөх нь гээд л. Ядаж байхад нөлөө бүхий айлын хүүхэд. Бусад дуучдыг бодвол хөгжмийн зохиолч, ая зохиогч гэр бүлээс гаралтай. Таны ээж аав дуучдыг хэрхэн од болохыг шийддэг хүмүүс байсан. Энэ бүх сенсаци танд хүндрэлтэй санагдаж байсан уу?

-Би өөрөө шинэ зүйлд дуртай , зоримог шийдвэр гаргаж тэр нь бүтэлгүйтвэл эрсдэлээ хүлээх дуртай хүн.

Энгийн, нэгэн хэвийн амьдралаар амьдрах нь надад сонирхолгүй санагддаг. Тэгээд ямар сайндаа сая төрөөд хүүтэй болоод 3 сарын 8-нд хүүтэйгээ зургаа даруулаад гараад ирсэн. Манай нэг дуучин “Энэ эгч үнэхээр тааварлахгүй хүн юмаа. Энэ хүүхэд нээрээ таны хүүхэд юмуу ? ” гээд итгэхгүй байсан. Яг энэ зүйл шиг өөр өөр шинэ соргог зүйлд дуртай, түүнийхээ эрсдэлийг өөрөө хүлээж чаддаг. Ихэнх хүмүүс ихээр биш багаар үргэлж хий гэдэг зарчимтай байдаг шүү дээ. Харин миний хувьд  гэнэтийн зүйлүүдээс сайхан мэдрэмжийг олж авдаг.

Энэ гэнэтийн байдлыг манай монголчууд авч хэлэлцэхэд, хүлээж авахад удаан байдаг. Ялангуяа уламжлал, ёс заншил, монгол хүний жудаг гээд их олон зүйлс хамаараад явчихдаг. Тэгэхээр эрсдэлийг хүлээж авах хүн нь уран бүтээлч, өөрөө байдаг. Жишээлбэл 2008 онд Үдшийн болзоонд гээд дандаа 60,70-аад оны эстрад голцуу дуунуудыг жааз болгоод дуулахад хүмүүс ойлгож байгаагүй. Тэрнээс хойш 16 жилийн турш “Навчин дээрх шүүдэр” дуугаараа урлагт амьдарч байгаа хүн шүү дээ, би. Тэр эрсдэлийг тэр үедээ хүлээж байсан гэсэн үг л дээ.


Нөгөө талаараа шоу ертөнцөд бэлтгэгдсэн уран бүтээлчдийг бэлдсэн, мэдээгээр гаргах ёстой байдаг. Гэтэл өөрөө уг хүн нь тийм болохоор хувь тавилан тэгж яваад байдаг. Шоронд цав цагаан хувцастай ороод хав хар болоод гараад ирсэн гэдэг нь тухайн үед найзаасаа 15 сая төгрөг зээлээд хоорондоо сайн харилцаж чадаагүй улмаас ийм асуудал тулгарч байсан. Залуу үеийн омголон юм байх. Яг өгөх гэж байхад мань хүн хаширлаад бүх дүүргийн цагдаад гомдол гаргачихсан байсан. Тэгээд хүний мөнгийг буцааж өгсөн дөө. Тухайн үед аялж гадагшаа явж таарсан. Буцаад ирхэд хил дээр хориг тавигдчихсан байсан. Намайг байцааж байсан цагдаа их гайхаж харж билээ. Тэгээд би бүх асуудлыг мэдээд “За за явъя даа” гээд бараг орж үзмээр санагдаад байсан юм уу. /инээв/  Нээрээ л ийм төрлийн хүн байхгүй юу. Ямар ч азаар гоё цагаан хувцастай орсон юм. Эмэгтэй хүн, олны танил хүний хувьд шар мэдээ, мэдээллийн салбарт их сүртэй хэрэг шиг харагдаж байсан. Хүмүүс намайг засгийн хоол идэж чадахгүй гээд өөрсдийнхөө цалингаар гуляш авч өгье гэж хэлж байсан. Гэхдээ засгийн хоолыг идэж үзмээр санагдаад сайхан саналаас нь татгалзаж байлаа. 24 цагийн турш хоригдоно гэдэг хүнд маш олон зүйлийг бодогдуулдаг юм. Энэ миний амьдралд бас нэгэн өөрчлөлтийг өгсөн гэж боддог.

Манай шүүхийн шийдвэрийнхэн их зэвүүн юм байна лээ. Хурууны хээгээ уншуулах гээд зогсож байхад миний дууг тавьчихсан. Ялтантай яг л ялтан шиг харьцдаг юм байна гэж ойлгосон. Над шиг шартай хүнд зэвүүн л өдөөлт болох юм байна лээ.

-Авьяасгүй хүмүүс авьяастайгаа нотлох гэж их зовдог. Би чадаж байна, би хөдөлмөрлөж байна, хит дуу хийчихлээ гээд л. Таны хувьд тийм он цагууд байгаагүй. Та мундаг гэр бүлээс гаралтай. Гэтэл та авьяастайгаа нуух гэж их зовсон юм шиг санагддаг. Энэ цаг үe танд юу үлдээсэн бэ?

-Энэ бүхний нэг баталгаа нь өнөөдрийг хүртэл би ямар ч телевиз болон эфирт нэг ч төгрөг төлж үзээгүй. Миний дууг явуулаад өгөөч, миний клипыг гаргаад өгөөч гэж гуйж байсангүй. Дуу өөрөө уран бүтээл учраас миний мөнгө олох хэрэгсэл биш, би хүний сэтгэлийг дүүргэх гэж байгаа болохоос цүнхээ дүүргэх гээгүй. Хүний сэтгэлийг ямарваа нэгэн байдлаар дүүргэж чадах юм бол би мөнх амьдрахын эхлэл гэж боддог. Ийм учраас одоо ч гэсэн тэр зарчмаараа явдаг.

-Та хангалттай сайлуулж муулуулдаг гэхдээ уралцаад байдаггүй. Энэ нь гэр бүлийнхээ нэр хүндийг хамгаалах гэсэн хүлээцтэй байдал гэж хардаг?

-Цаг хугацаа  бүх зүйлийн шалгуур. Асуудлыг цаг хугацаанд нь үлдээх хэрэгтэй. Заавал бүх зүйлийг тайлбарлаж нотлох шаардлагагүй. Тийм бол тийм, үгүй бол үгүй тэгээд л болоо.

-Таныг улс төрийн нэр бүхий том хүнтэй суусан гэж олон жил оньсого мэт ярьж ирсэн. Бодит байдал дээр та гэрээ бүлээ танилцуулбал?

-Би баян тарган хүнтэй суугаагүй. Угаасаа ч эд хөрөнгө харж нөхөрлөх хүн биш. Хүнээр тэжээлгэх төрлийн хүн би биш мөн хүн тэжээх төрлийн хүн бас биш. Зүгээр л өөрөө өөрийгөө сайхан авч явдаг хүн. Би энгийн нэгэн сайхан эр хүнийг сонгон ханилсан байгаа. Манай нөхрийг Хос-Эрдэнэ гэдэг барилгын компанид ажилладаг. Хүслийг минь гүйцээж хүүтэй болгож өгсөн эгэл жирийн монгол залуу.

Ярилцсан: Д.Сэргэлэн

Эх сурвалж : GRANDNEWS.MN

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *