Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөнө
УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат өнөөдрийг хүртэл гишүүний тангарагаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулаагүй байгаа билээ.
Учир нь түүнийг сонгуулийн сурталчилгааны үеэр цагдан хорьж, улмаар хэргийг шүүхийн шатанд шилжүүлсэн. Гурван шатны шүүхээр хэргийг хянасны эцэст дахин шалгахаар болж, энэ сарын 3-нд Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээг өөрчлөн, батлан даалтад гаргасан юм.
Тэрбээр ирэх Пүрэв гараг буюу гуравдугаар сарын 18-нд парламентад тангараг өргөж, бүрэн эрхээ баталгаажуулахаар болжээ.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, зургаан жил хорих ял оногдуулаад байв.