Оюутолгой гүний уурхайгаас энэ оны найм, есдүгээр сард олборлолтын эхний хүдрүүд гарч эхэлнэ
Уул уурхай Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Оюутолгойн гүний уурхайн олборлолт, олборлох үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын тухай mpress сайтад өгсөн ярилцлагынхаа үеэр ийн хэлжээ. Тэрбээр:
“Эрдэнэтэд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах гэж байна. Оюутолгойд мөн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулагдана. Дархан-Уул, Орхон, Дорноговь аймагт ширэм үйлдвэрлэх гангийн үйлдвэрлэл явуулж байна. Дорноговь аймаг, Алтанширээтэд газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байна. Дээрээс нь Тавантолгойд нүүрс баяжуулах үйлдвэрийн ажил эхэлсэн. Эдгээр боловсруулах үйлдвэрүүд ажлын байр бий болгож, нэмүү өртөг шингээж байж эдийн засаг тэлэх ёстой. Оюутолгойн гүний уурхай хүдэр олборлоход чиглэсэн анхны тэсэлгээг өнгөрөгч хоёрдугаар сард хийсэн. Өмнөх тэсэлгээнүүд нь хүдэр олборлох бэлтгэл ажиллагаа буюу далд уурхайн малталтуудыг бий болгох бэлтгэл ажлуудын тэсэлгээ байсан. Энэ оны найм, есдүгээр сард олборлолтын эхний хүдрүүд гарч эхэлнэ. 2023 оны эхний хагас жилээс буюу зургаадугаар сараас тогтвортой олборлолт эхэлнэ” хэмээжээ.