|

Хүүхдийн баяраар бэлэг сонгохдоо бүтээгдэхүүн тус бүрийн шошгыг шалгаж байхыг анхаарууллаа

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн  хүрээнд урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхчүүд та бүхэнд хүүхдийн бэлэг сонгохдоо сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, хадгалах хугацаа, хадгалалтын горим алдагдсан эсэх, хаяг шошгыг сайтар нягтлахыг анхааруулж байна.

Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эцэг эхчүүд хүүхдэдээ бэлэг өгөх нь элбэг байдаг. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналтын байгууллагаас өмнөх жилүүдэд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийдэг байсан. Харин энэ ажлыг түр хугацаанд зогсоосон учир мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдэд зөвлөгөө хүргэж байна.Хүүхдийн бэлэг авахдаа хаяг шошгын хугацааг нь сайн шалгаж, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн хүүхдэдээ өгөхөөс сэргийлэхийг зөвлөж байна.Мөн түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг худалдааны газрууд хадгалах ёстой зааврын дагуу, тухайн нөхцөлд нь тааруулж худалдаалж байгаа эсэхийг сайтар шалгасны үндсэн дээр худалдан авах хэрэгтэй. Учир нь үүнтэй холбоотой хоолны хордлого, хордлогот халдвар гарахын үгүйсгэхгүй” гэв.

ААН-үүдэд анхааруулах нь:

  • Хүүхдийн баяраар хүүхдийн бэлэгт анхаарч, бэлгэ дотор орж байгаа бүтээгдэхүүний гарал үүсэл, хадгалах хугацаа, чанар аюулгүй байдалд бэлэг боож байгаа ААН-үүд анхаарах хэрэгтэй байна.
  • Үйлдвэрлэсэн он сарыг сайтар шалгаж, хаяг, шошгын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлэх, бялууны жимсэнд хэрэглэдэг нөөшилсөн жимсийг задалсан даруйд нь хэрэглэх шаардлагатай.

Иргэдэд анхааруулах нь:

  • Тасалгааны температурт хүнсний бүтээгдэхүүнд бичил биет үржих таатай нөхцөл бүрддэг учраас баярын өдрүүдэд гэртээ бэлтгэсэн хоол хүнсээ зохих температурт хадгалахгүй бол хордлого авах, халдварт өвчин үүсэх эрсдэлтэй байдаг.
  • Багцалж боосон хүүхдийн бэлэгт орсон бүтээгдэхүүн тус бүрийн хаяг шошго, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, хадгалалтын хугацааг нягталж, хөлдөж гэмтсэн хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх, оргилуун дарсыг худалдан авахдаа гарал үүсэл, сав баглаа бодол, хаяг шошгыг сайтар шалгаж авахыг зөвлөж байна.
  • Цахим сүлжээний худалдаанд гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн, согтууруулах ундаа авахгүй байхыг зөвлөж байна.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрүүдэд хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэх үйлчилгээтэй холбоотой санал гомдол байвал НМХГ-ын Шуурхай штабын 70128012 утсаар мэдэгдэх боломжтой гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *