Хүүгийнхээ ялыг эсэргүүцсэн ээж төрийн ордныг ХӨЛ НҮЦГЭН тойрлоо
Дөнгөж сая -11 хэмийн хүйтэнд иргэн А.Цэрэнпил Засгийн газрын үүдэнд хөл нүцгэн зогслоо.
Тодруулбал, тэрээр “хэлмэгдсэн” гэх хоёр хүүхдийнхээ хэргийн үнэн зөвийг тодруулахын тулд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ.
А.Цэрэнпил: “Би хэн нэгний захиалгаар яваагүй. Хүүхдүүдийг минь хүн наймаалсан, насанд хүрээгүй хүүхдийн биеийг үнэлсэн хэргээр барьж, эрүү шүүлт тулгасан. Өнөөдөр миний хөл нүцгэн алхах юу ч биш, миний хүүхдүүд алхаж ч чадахгүй байна” гэв.
Шаардалгад:
“Миний хүү Баярцогт овогтой Алтайбаатар, Э.Анхбаяр нар нь хамтдаа хувиараа гүүзүү засвар, граш ажиллуулдаг байсан. 2018 оны аравдугаар сарын 18-нд ахынха төрсөн өдрийг тэмдэглэх гээд гарсан ба тэр өдөр Г.Идэрбат гэх хүн Б.Алтайбаатар руу утасдаж уулзая гэсэн. И.Анхбаяр нь 4 настай хүүхэд рүүгээ явсан бол Б.Алтайбаатар, Г.Идэрбат нар хорооллын хоолны газарт орж байтал тусгай багтай хүмүүс барьж авч явсан.
Ингээд Г.Идэрбат “санхүүгийн дэмжлэг авна зарын” дагуу холбогдсон охидод өөрийн бичиг баримтаар байр хөлсөлж өгсөн байна. Б.Алтайбаатар нь туслахыг гуйсны төлөө унаа тэргээр үйлчилсэн. Улмаар миний хүү Б.Алтайбаатарт 20 жилийн ял оноосон. Э.Анхбаяр нь эхнэртэйгээ муудалцаад тус байранд түр байрлаж байсных нь төлөө 17 жилийн хорих ял оноосон. Миний хоёр хүү нь өөрсдийн хөдөлмөрөөр ажиллаж байсан ба хэргийн явцад дөрвөн цагдаа 48 цагийн турш зодож эрүүдэн шүүсэн. Дээрх хэргийн үнэн мөнийг тодруулж өгнө үү”. хэмээн бичсэнийг А.Цэрэнпил уншиж танилцуулжээ.
Улмаар түүнийг цагдаагийн албан хаагчид холбогдох цагдаагийн хэлтэсрүү авч явлаа.