Д.Эрдэнэбилэгийн цагдан хорих хугацааг НЭГ САРААР сунгалаа
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-ний өдөр АТГ-аас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хүсэлтээ Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлж, шүүх хурал 2 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 21-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд Д.Эрдэнэбилэгт холбогдох шүүх хуралдаан болсон. Улмаар түүнийг нэг сарын хугацаанд цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ.
Тэгвэл тус хугацааг дуусах гэж байгаатай холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 1 сарын хугацаагаар сунгах тухай саналыг 2022 оны тавдугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.
Шүүх дээрх саналыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол…” гэх үндэслэлээр цагдан хорих хугацааг 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.