Буруугүй бол түүнийгээ нотол, Ц.Содномдорж оо
Сингапурт төрийн өндөр албан тушаалтан болон улсын өндөр цолтой бөх гэмт хэрэгт холбогдож, ял авч болзошгүй тухай мэдээлэл цахим ертөнцөд цацагдаад буй. Тодруулбал, нийслэлийн ерөнхий прокурор асан Д.Баярмагнай, Монгол Улсын арслан Ц.Содномдорж нар Сингапурын казинод хулгайн хэргээр саатуулагдсан гэх мэдээлэл түгсэн ч тэд үүнийг үгүйсгэж, тайлбар хийсэн.
Гэвч Сингапур улсын шүүхийн “Judiciary” цахим хуудсан дээр Д.Баярмагнай нарт холбогдох шүүх хурлын тов гарсан тухай мэдээлэл түгсэн. Тодруулбал түүнийг Эрүүгийн шүүх хурал 2022 оны тавдугаар сарын 18-нд буюу өнөөдөр Сингапурын цагаар 10:00-д болох байсан ч хойшилсон аж.
Гэвч Ц.Содномдорж өнөөдөр эх орондоо ирж, бэлтгэлийн байрандаа ирсэн бөгөөд toim.mn сайтад өгсөн тодруулгадаа:
“Би цахимаар явж буй мэдээллийг нэг их хараад байдаггүй. Өчигдөр харахад, “Содномдорж арслан хулгайн хэргээр саатуулагдсан, тэр бүү хэл хоригдсон. Шүүх удахгүй болно гэх мэтээр бичсэнийг хараад маш их гайхлаа. Би 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд Сингапур улс руу явсан. Би тэнд зүрхээ эмчлүүлж байгаад ирсэн. Эмчийн хяналтад байж байгаад эх орондоо ирлээ. Түүнээс хулгайн хэрэгт холбогдоогүй. Намайг нэг хүнтэй холбоод яриад байна. Тэр хүн ямар зөрчил гаргасныг сайн мэдэхгүй байна” хэмээн үгүйсгэв.
Нэгэн үе Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд эр бяр, уран барилдаанаараа бөх сонирхогчид, түмэн олноо баясгаж, басхүү хүндлэгдэн Улсын арслан хэмээх өндөр цолонд уйгагүй хөдөлмөрөөр хүрсэн, болоочгүй допингийн эсрэг хүчтэй дуу өргөж байсан түүний жудаг хаа орхигдов?
Буруугүй бол үгээр бус баримтаар нотол, түүнээс буруугүй гэж хэлсэн бүхэн буруугүй болчихдоггүй юм. Ард олон, төр засгийнхаа хүндлэл, хайран сайхан нэрийг хүндлэн дээдэлж явах учиртайсан.