Цагдаагийн алба хаагч нар зам тээврийн осол гаргаж нэг иргэний амь насыг хохироосон ноцтой осол гарчээ
Энэ сарын 14-ний өдөр Дундговь аймгийн цагдаагийн гурван алба хаагч албаны тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байхдаа тус аймгийн ЕБС-ийн багш эмэгтэйг дайрч, амь насыг нь хохироосон ноцтой осол гарчээ. Одоогийн байдлаар уг хэрэг мөрдөн шалгах явц үргэлжилж байгаа аж.
Тухайн ослын талаар Дундговь аймгийн цагдаагийн газар хэвлэлд тодруулга өгөхдөө, “Өнгөрсөн хагас сайн өдрийн орой 23 цагийн орчимд үүрэг гүйцэтгэж явсан алба хаагч нар зам тээврийн осол гаргасан талаар дуудлага мэдээлэл ирсэн. Амралтын өдөр болсон осол учир ажлын эхний өдөр хойшлуулшгүй арга хэмжээ авч тухайн гомдол мэдээллийг шалган аймгийн прокурорын газарт хүргүүлсэн. Уг ослыг гаргасан алба хаагч нар одоо ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа. Гомдол мэдээллийг шалгах газарт нь хүргүүлсэн учир тухайн эрх бүхий байгууллага эдгээр алба хаагч нарыг ажлаас нь чөлөөлөх эсэхийг шийднэ. Бид нар шийдэх боломжгүй.
Түүнчлэн энэхүү зам тээврийн харамсалтай ослын улмаас амь насаа алдсан хохирогчийн ар гэрээс Дундговь аймгийн цагдаагийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье” гэжээ