БНАСАУ-д өнгөрсөн сард болсон парадын дараа коронавирус тархаж эхэлсэн гэж үзэж байна
БНАСАУ-ын Зэвсэгт хүчний 90 жилийн ойг тохиолдуулан Пёньян хотноо дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулсан цэргийн парадын дараа тус улсад коронавирусний халдвар орон даяар тархаж эхэлсэн гэж БНСУ-ын тагнуулын албаныхан дүгнэжээ.
Энэ талаар Өмнөд Солонгосын Үндэсний ассамблейн /парламент/ Тагнуулын хорооны гишүүд тагнуулын албаны дүгнэлтээс эш татан мэдээлсэн байна.
“Хятадтай төмөр замын харилцаагаа сэргээсний улмаас вирус ихэнх тохиолдолд галт тэргээр дамжин орж ирсэн байх магадлалтай. Гэвч дөрөвдүгээр сарын 25-нд болсон жагсаалд зөвхөн цэргийнхэн төдийгүй улс орны өнцөг булан бүрээс төлөөлөгчид оролцсон тул халдвар олны дунд тархсан. Парадын дараа тэд Пёньянаас хот суурингууд руугаа буцсан нь орон даяар тархах эхлэл болсон. Энэ тайлбарыг хамгийн байж болох гэж үзэж байна” гэж парламентын гишүүн Ха Тэ Кён, Ким Бён Ги нарын хэлснийг “Yonhap” агентлаг эш татан уламжилжээ.
БНСУ-ын тагнуулын албаныхны тооцсоноор, БНАСАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа халуурах шинж тэмдэгтэй тохиолдлуудын талаарх статистик мэдээний нэлээд хэсгийг бусад халдвар эзэлж байгаа аж. Тусгай албаныхны тайлбарласнаар парад болохоос өмнө БНАСАУ-д хөхүүл ханиалга, улаан бурхан, хижиг зэрэг усаар дамжин халдварладаг өвчин тархжээ. “Тиймээс халуурах шинж тэмдэгтэй өвчтөнүүдийн талаарх статистикийг судлахдаа зөвхөн “COVID-19” биш, бусад халдвараар өвчилсөн нэлээд олон тохиолдлыг оруулсан байгааг анхаарч үзэх хэрэгтэй” гэж депутатууд хэлжээ. Өмнөдийн талын таамагласнаар, коронавирусний тархалтын оргил үе БНАСАУ-д тавдугаар сарын сүүл зургадугаар сарын эхээр тохионо.
Коронавирусний халдвар илэрсэн талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг анх тавдугаар сарын 12-нд мэдээлсэн билээ. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун бүх хот, мужид хөл хорио тогтоохыг даалгасан. Одоогийн байдлаар коронавирус тархаад буй энэ үед дөрөвдүгээр сарын сүүлчээс хойш халуурах шинж тэмдэг илэрсэн нийт өвчтөний тоо 1.97 саяд хүрч, 63 хүн нас баржээ.