“Эрдэнэс Монгол” ХХК алба хэлтсийн дарга нарт шатахуун, утасны төлбөрийн олговорт 48.2 сая төгрөг олгосныг тогтоожээ
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 299 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт заасан шийдвэрийн дагуу Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд барьсан 239 км авто зам, Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх дэд бүтцийн байгууламжийг төрийн өмчид худалдан авах хөрөнгийн эх үүсвэрт зориулан Засгийн газрын шийдвэрийн дагуу “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-иас 170,6 тэрбум төгрөгийн зээлийг 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-д олгож байжээ.
Харин “Эрдэнэс Монгол” ХХК нь Хөгжлийн банкны зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй үлдэгдэлтэй байгаа нь тус компанийн тасралтгүй үйл ажиллагаа явуулах чадварт сөргөөр нөлөөлнө хэмээн АУДИТ-ын тайлангаар дүгнэжээ.
Тодруулбал, тус компани Хөгжлийн банкнаас авсан зээлээ гэрээний хугацаанд төлж барагдуулаагүйн улмаас 18.8 тэрбум төгрөгийн хугацаандаа төлөгдөөгүй зээл, 8.7 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн өр төлбөртэй болсон нь байна. Мөн гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр алба хэлтсийн дарга нарт шатахуун, утасны төлбөрийн олговорт 48.2 сая төгрөг олгосныг аудитын шалгалтаар тогтоожээ. Энэ нь төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах заалтыг хэрэгжүүлээгүй зөрчил гэж үзсэн тул үр ашиггүй зардал гаргахгүй байх албан шаардлага хүргүүлжээ.