Ардчилсан үзэлгүй АН-уудын халз тулаанд ИРГЭД ҮРЭГДЭХВИЙ
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талын Ардчилсан намынхан хоёр дахь өдрөө Дээд шүүхийн гадна, эсэргүүцлийн жагсаал цуглааныг хийж байна. УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ, өөрөөр хэлбэл Зулын гол болно гэдгээ мэдэгдээд буй.
Тиймдээ ч жагсаалд оролцож буй АН-ыг дэмжигч иргэд “Зулын гол болоход бэлэн байна” гэх агуулгаар уриа лоозон барьж, тэмцлээ үргэлжлүүлж буй юм.
Тэгвэл М.Тулгат нарын АН-ын зүгээс Хэлмэгдэлтийн хөшөөний урд сөрсөн мэдэгдлийг хийлээ. Тэд хүний амьнаас үнэтэй АН-ын суудал гэж үгүй. Ерөнхийлөгч асан Х.Баттулга насан туршдаа эв нэгдлийн бэлэг тэмдэг байх тангарагыг өргөсөн боловч, улс төрийн эрх ашигтаа энгийн иргэдийг ашиглаж, шүүхийн шийдвэрт хүчээр нөлөөлөхийг оролдож байна хэмээж буй.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн сард Ардчилсан намын даргын сонгууль гэгчийг зохион байгуулж, өөрийн нэрийг дэвшүүлж, ганцаараа санал хураалтад оролцсон. Тэрбээр АН-ын даргын сонгуульд 96.3 хувиар ялалт байгуулж, улмаар өөрийгөө АН-ын даргаар батлуулахаар Улсын Дээд шүүхэд хандаад буй. Улсын Дээд шүүх Х.Баттулгыг Ардчилсан намын даргаар батлахгүй бол 21 аймаг 330 сум даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэж мэдэгдээд байгаа юм.
Харин С.Эрдэнэ даргатай АН-ын хувьд Х.Баттулгыг намын даргаар бүртгэх үндэслэлгүй гэдгийг хэлсэн юм.Тэгвэл түүнийг АН-ын даргаар бүртгэх эсэхийг Улсын дээд шүүх өнөөдөр шийднэ. АН-ын үзэлгүй, АН-ын гишүүд дотроо хуваагдаж, тэмцэлдсээр буй нь иргэдийг мухардалд оруулаад байна. Тэдний тулаанд иргэд үрэгдэхвий.