“Уран проект” ХХК дахин төлөвлөлт нэрээр хувийн өмчид халдаж байна
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 6-р хороонд байрлах ашиглалтын хугацаа дууссан 2 давхар 21, 22-р байрыг дахин төлөвлөлтөд оруулах шийдвэр гарчээ. Уг төслийг хэрэгжүүлэхээр “Уран проект” ХХК шалгарсан гэх. Гэхдээ өнөөдрийн байдлаар 21 дүгээр байрыг нураах шийдвэр гараагүй, оршин суугчид, түрээслэгчдээс 100 хувь зөвшөөрөл аваагүй гэнэ.
Угтаа төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан “Уран проект” ХХК нэг байрныхаа асуудлыг бүрэн шийдэлгүй нөгөө байрыг хашаалж, нураахаар хүч хэрэглэсэн нь оршин суугчид, тус байранд худалдаа, үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байна.
Оршин суугчдын төлөөлөл “Уран проект” ХХК асуудлаа шийдэхгүйгээр нэг байрыг нь хашаалж нураагаад тал хагас барилга барих гээд байгаа юмуу. Хэрэв ингэвэл энэ төсөл хэдэн жилээр нам гацаж, иргэд бид хохирч үлдэнэ. Угаасаа энэ нэг төсөл юм билээ. Тийм байхад нэг байрныхаа асуудлыг шийдэхгүй яаран хүчээр хашаалж байгаа нь асуудал. Тиймээс бид нэг байрыг нь нураахгүй байхыг шаардаж байгаа” гэлээ.
Харин өөр нэг иргэн “Хоёр байрыг нурааж нэг төсөл хэрэгжүүлнэ. Гэтэл байрыг буулгах зөвшөөрөл зөвхөн 22-р байран дээр гарсан. 21 дүгээр байранд гараагүй. Яахаараа нийслэлээс нь нэг төсөл байхад нэг байранд нь зөвшөөрөл олгоод байдаг юм. Энэ зөвшөөрлийг гаргаж байгаа нийслэлийн хүмүүсийг ханддаг газарт нь өгч шалгуулъя гэж бодож байна.
Дээрээс нь 22-р байрны оршин суугчдад 21-дүгээр байран дээрээ талбай өгчихсөн байна. Бид гэрээгээ шинэчлэе гэхээр амаараа “Хэдүүлээ хоорондоо яриад болчихно” гэдэг утгагүй юм яриад байгаа. Хүний хөрөнгөд өнөөдөр “Болий ш дээ” гэдэг байдлаар хандаж болох уу. Тэгээд би гэрээгээ хийгээд амлалтаа өгчих гэхээр чадахгүй байгаа” гэлээ.
Энэ үеэр 22-р байрны 12 тоотын иргэн “Би 22р байрны оршин суугч. Төсөл хэрэгжүүлэгч компани надтай гэрээ хийхдээ 21-р байрны В1 давхарт талбай өгсөн. Гэтэл 21-р байрыг нь нураах нөхцөл бүрдээгүй, шийдвэр гараагүй. 21–р байрныхаа 17 айлтай гэрээ ч байгуулаагүй. Тэгэхээр 21–р байр нурахгүй. Энд шинэ барилга баригдахгүй. Тэгсэн хэрнээ 21-р байрныхаа талбайг надад зарчихсан гэсэн үг. Үүнийг ерөөсөө ойлгохгүй, ухаан хүрэхгүй байна. Хүний юмыг надад зарж болохгүй биз дээ. Тийм бол би гэрээгээ цуцалмаар байна” гэлээ.
Харин “Уран проект” ХХК-ийн дэд захирлын өгсөн мэдээллээр “Манай компани энэ газарт дахин төлөвлөлт хийж, барилгыг нураан шинэ барилга барих төслийн хэрэгжүүлэгчээр шалгарсан.
Оршин суугчдын 80 хувьтай гэрээ байгуулсан тохиолдолд нийслэлээс дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх эрх олгодог. Бид иргэдийнхээ 80 хувьтай гэрээ байгуулсан. Нийслэлээс 100 хувь зөвшөөрлөө авсан 22-р байрнаасаа үйл ажиллагаагаа эхэлж бай гэсний дагуу бид хашаагаа барьж эхэлж байна” гэлээ.