| |

Европт сармагчны цэцэг өвчний тохиолдол 100 давжээ

Европ тивд сармагчны цэцэг гэх өвчний халдварын тохиолдол 100 давж, ДЭМБ өчигдөр (2022.5.20) шуурхай хурал зарласан. ДЭМБ-ын Пандемик, эндемик халдварын аюулыг стратеги, техникийн зөвлөх бүлэг өчигдөр хуралдсан. Тус байгууллага нь халдварт өвчний олон улсад заналхийлж буй эрсдэлийг судалж, тогтоон, цар тахлын аюулыг зарлах үүрэгтэй.

Баруун болон Төв Африкт түгээмэл гардаг уг өвчний халдвар анх тавдугаар сарын 7-нд Нигери улсаас Англид буцаж ирсэн хүнд илэрчээ.

Германы засгийн газраас уг өвчний халдвар Европт тархсан хамгийн өргөн хүрээтэй тохиолдол гэдгийг онцолж байна. Одоогийн байдлаар 11 оронд уг өвчний халдвар бүртгэгдсэн байна. Тухайлбал, Франц, Герман, Итали, Нидерланд, Португал, Испани, Швед, Их Британи, АНУ, Канад, Австрали зэрэг олон оронд халдвар тархжээ.

Испанид өвчний 24 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Мадрид мужид ихэвчлэн гарчээ. Мадридын албаныхны мэдээлснээр халдварын голомт болсон сауны газрыг хаасан байна.
Түүнчлэн Баруун Европоос буцаж ирснийхээ дараа өвчилсөн 30-аад насны эрэгтэйг Израильд эмчилж байгаа ч шинж тэмдэг нь арилахгүй байгааг мэдээлжээ.

Анх сармагчингуудын дунд илэрсэн уг өвчин нь ерөнхийдөө ойрын хавьтлаар дамжин халдварладаг бөгөөд Африкаас бусад тивд бараг гарч байгаагүй аж.
Эрдэмтэд уг халдварыг Covid-19 шиг цар тахлын хэмжээнд хүрч тархана гэж бодохгүй байгаа ч энэ өвчний эсрэг вакцин байхгүй учир болгоомжилж байна. Мөн ДЭМБ-ын Европын дарга баяр наадам, хүмүүсийн цугларалтын улирал ирж байгаа учраас халдвар эндемик, пандемик болох эрсдэлтэй гэж мэдэгджээ.
Одоогоор сармагчны цэцэг өвчний эсрэг вакцин байхгүй. Гэхдээ салхин цэцэг өвчний халдвараас сэргийлэхэд ашигладаг вакцин уг өвчний эсрэг 85 хувийн үр дүнтэй гэж ДЭМБ мэдээлжээ. Улмаар Их Британийн халдварын голомтод ажиллаж буй эмч нарт уг вакциныг тарьжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *