ТОДРУУЛГА: Барилгын тусгай зөвшөөрлийг Б.Мөнхбаатар сайд олгодоггүй

Энх тайвны гүүрийг зассан компанид Б.Мөнхбаатар Сайд ганцхан сарын өмнө тусгай зөвшөөрөл олгожээгэсэн гарчигтай мэдээлэл 2022.05.19-ний өдөр  http://newsmedia.mn/62491 сайтад нийтлэгдсэн.

Уг мэдээлэлтэй  холбоотойгоор “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-аас тодруулахад  “Барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан гэрээний үндсэн дээр барилгын тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагааг барилгын салбарын мэргэжлийн 6 ТББ-уудын түншлэгчид хамтран гүйцэтгэн хэрэгжүүлж байна. Таны асуусан дээрх мэдээллийг  удаа дараа сошиалаар цацсан. Уг мэдээлэл  ямар ч нотлох баримтгүйгээс гадна тус үйл ажиллагааг Барилга, хот байгуулалтын яам, тэр тусмаа Сайд Б.Мөнхбаатар хариуцдаггүй. Үүнийг цахим системийн үйл ажиллагааны явцаас харахад ойлгомжтой. Нөгөө  талаар төрийн мэдээллийн болон E-Mongolia цахим системээр үйл ажиллагаа нь хянагдаж байхад  аль нэг сайд сарын дотор тусгай зөвшөөрөл гаргах боломжгүй” гэх хариулт өглөө. 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх 2017.12.27-ны өдрийн тогтоолын дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 216 дугаар тушаал гарч “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, сургалт эрхлэх” үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргүүдийг барилгын салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагуудын түншлэлийн хамтаар гүйцэтгүүлэхээр болсноос хойш 5 жил болж байгаа аж. 

Барилгын салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагуудаар тус үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нь төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, барилгын салбарын инженер, техникийн ажилчдын мэдээллийн санг бүрдүүлэх, барилгын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааны хяналтын тогтолцоог сайжруулах, холбогдох журамд заасан шалгуурыг ханган ажиллаж байгаа эсэхэд нь хяналтыг тавих болможийг бүрдүүлжээ. Мөн төр, төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын харилцан итгэлцлийг бэхжүүлэх, үйл ажиллагааг цахимжуулснаар ил тод, нээлттэй байдлын нэгдсэн тогтолцоог хангах  нөхцөл бүрдсэн байна.

Өмнө нь цаасан суурьтай материалын бүрдүүлэлттэй, мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлах, тодруулах, лавлагааг авах гэх мэт хүний оролцоо ихтэй, цаг хугацаа их шаардсан, бусад мэдээллийн сангийн цахим системүүдтэй холбогдох боломжгүй байсан бол 2019 оноос эхлэн цахимаар олгодог болсон нь барилгын тусгай зөвшөөрөл хүсэгч хот, хөдөө, орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагуудад очих хүндрэл бэрхшээлийг арилгасан  гэж  үзэж байна. 

Энэхүү цахим систем нь аж ахуйн нэгж, байгууллагуудын ажиллаж буй инженер, техникийн ажилчдын мэдээлэл, дипломын бүртгэл, барилгын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа, тоног төхөөрөмж, хийсэн ажлын тайлан мэдээ зэргийг төрийн мэдээллийн “ХУР” “ДАН” цахим системээр дамжуулагдан хянагдсанаар хяналтын тогтолцоог илүү нарийн, бодит, ил тод, хүний оролцоог улам багасгасан, цаасгүй орчныг бүрдүүлж зардал хэмнэж байгаа юм. 

Дашрамд дурдахад, барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны цахим системийн үйл явц нь нээлттэй, ил тод байдаг бөгөөд үүнтэй танилцах боломжоор ханган ажиллаж байна. 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *