Ж.Батхуяг: Миний үйлчлүүлэгч Д.Эрдэнэбилэгийн биеийн байдал ХҮНД байгаа
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох шүүх хуралдаан болсон. Улмаар түүнийг нэг сарын хугацаанд цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Түүнийг цагдан хорих хугацаа энэ сарын 21-нд дууссан.
Гэтэл Нийслэлийн Прокуророос энэ сарын 19-нд яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 30 хоногоор сунгах хүсэлт гаргасныг шүүх ёсоор болгосон. Ингэхдээ Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр цагдан хориог сунгах шийдвэрийг гаргасан нь анхаарал татаад байна.
Энэ талаар Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Ж.Батхуягтай холбогдож тодрууллаа.
ӨМГӨӨЛӨГЧДИЙГ НЬ ШҮҮХ ХУРАЛД ОРОХ БОЛОЛЦООГООР ХАНГАХГҮЙ ЦАГДАН ХОРИОГ СУНГАХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАСАН
-Шүүх хурал болох өдөр чухам ямар үйл явдал болсон талаар мэдээлэл өгнө үү?
–Пүрэв гаригийн өглөө буюу өчигдөр 10.00 цагийн үед шүүхээс холбогдож шүүгчийн туслах “Өнөөдөр 12.00 цагт цагдан хориог сунгах эсэх талаар хэлэлцүүлэг хийх гэж байна.Та ирэх үү” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “Коронавирусийн халдварын шинж тэмдэг илрээд буй учраас шинжилгээ өгөхөөр эмнэлэг явж байна. Шинжилгээний хариу сөрөг гарвал яваад очно. Эерэг гарвал онлайнаар оролцоно. Түр хойшлуулж өгөөч” гэж хүссэн. Шүүгчээсээ асууя гэж хэлээд удалгүй дахин холбогдож “Тавдугаар сарын 21-ний 08.30 цагт болж хойшлогдлоо” гэсэн юм. Тэгэхэд нь би “Өглөө 08.30 цагт шинжилгээний хариу гарах л байгаа даа. Гарвал шүүх хуралд оролцоно. Шинжилгээний хариу гарахгүй бол онлайнаар оролцоно” гэсэн юм. Учир нь цагдан хорионы хугацаа дуусаагүй шүү дээ.
Ингээд шинжилгээ өгөхөөр эмнэлэгтээ сууж байтал удалгүй эргэж залгаад “Хойшлогдохоо больсон. Тавдугаар сарын 12.00 цагтаа хуралдахаар боллоо. Таны ирэх, ирэхгүй нь хамаагүй” гэсэн. Тэгэхээр нь би бичгээр хүсэлт өгсөн. Өөрөөр хэлбэл, хэлэлцүүлэг эхлэхээс өмнө цахимаар хүсэлтээ явуулж байна шүү дээ. Шүүхээс миний хүсэлтийг хүлээж авсан ч хүсэлтийн дагуу шийдвэрлээгүй. Тиймээс 12.00 цагт хурал болдгоороо болсон. Ингээд цагдан хорих хугацааг 30 хоног сунгах шийдвэрийг гаргасан. Үндэслэл нь хэргийн ээдрээ, төвөгтэй байдлаас болсон гэсэн.
-Хэргийн ээдрээ, төвөгтэй байдал гэдэг нь ямар нөхцөл байдлыг тодорхойлж байгаа юм бол?
– Ер нь сүбьектив асуудал. Мөрдөгч, прокурорын ур чадвар хүрэхгүй бол ээдрээ, төвөгтэй асуудал болдог. Мөн хэргээ ойлгохгүй бол тухайн хүндээ ээдрээ, төвөгтэй асуудал болно. Гэтэл уг хэрэгт нэг их ээдрээтэй асуудал байгааг өмгөөлөгчдийн зүгээс олж харахгүй байна. Би хуралдаа оролцоогүй учраас шүүх хурлаар хэрхэн тайлбарласныг мэдэхгүй байна. Захирамжаа хүлээж авсан. Тэнд бол “ээдрээ, төвөгтэй байдал” гэж бичсэн байсан ч тодорхой шалтгаануудыг тайлбарлаагүй байсан.
–Таны хувьд цахимаар оролцох боломжгүй байсан уу?
-Би шинжилгээ өгөх гээд эмнэлэгт байсан. Мөн халуурч бие өвдсөнөөс гадна бэлтгэлгүй байсан. Жаахан хугацаа олгож “14.00 цагт бэлэн байгаарай” гэсэн бол би хувьдаа бэлтгэлээ хангах боломжтой байсан. Цагаа ядаж хойшлуулаад өгсөн бол болох байсан юм.
ПРОКУРОРООС САНАЛ ИРСНИЙГ ШҮҮХ БИДЭНД МЭДЭГДЭЭГҮЙ
-Шүүх энэ шийдвэрээрээ хууль зөрчсөн үү?
-Хууль зөрчөөгүй. Гэхдээ шүүх хуралд өмгөөлөгч оролцох нь хүний эрхийн асуудал шүү дээ. Цагдан хорих хугацаа нь тавдугаар сарын 12.00 цагт дуусах гээд сунгах эсэх хурлыг зарласан бол ойлгоно. Гэтэл цагдан хорих хугацаа нь тавдугаар сарын 21-нд дуусах байсан шүү дээ.
Бүхэл бүтэн нэг хоногийн зай байхад өмгөөлөгчийг нь оролцуулах боломжоор хангасангүй.
Мөн хоригдогчийг цахимаар оролцуулъя гэх хүсэлт гаргасан ч “Хоригдогч өөрөө хүсэлт гаргах ёстой. Тэр хүсэлт нь ирээгүй” гэх шалтгаанаар хүлээж аваагүй. Учир нь миний үйлчлүүлэгчийн биеийн байдал хүнд байгаа учраас шүүгч нарт нөхцөл байдлыг нь харуулахыг хүссэн юм. Хэрвээ шүүх “Өнөөдөр прокуророос санал ирлээ. Та бүхэнд гаргах хүсэлт байна уу” гэсэн бол бид хурдан хүсэлтээ гаргаад хоригдож байгаа хүнээ цахимаар шүүх хуралд оролцуулна шүү дээ. Мөрдөгч прокурор аль хэдийн саналаа гаргаж өгсөн байсан. Гэтэл шүүх санал ирснийг мэдэгдэлгүйгээр 12.00 цагийн хурлыг 10.00 цагт буюу хоёр цагийн өмнө мэдэгдэж байгаа юм.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Эх сурвалж: isee.mn