Л.Буянтогтох: Амны хаалт зүүж биеийн тамирт орсноос болж нас бараагүй, гэртээ тодорхой өвчний улмаас нас барсан
ЕБС-ийн 10 болон зургаадугаар ангийн хоёр хүүхэд биеийн тамирын хичээлдээ масктай гүйсний улмаас ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээллийг бид өмнө хүргэсэн. Тэгвэл уг асуудалд Нийслэлийн боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Буянтогтох албан ёсоор мэдээлэл өглөө.
Тэрбээр, : “Бид бүх сургуулиуд руу холбогдож, мэдээлэл авсан. Нийслэлийн нэр бүхий нэг сургуульд нэг хүүхэд биеийн тамирын хичээлд орохынхоо өмнө бэртэж, гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна лээ. Эцэг эх нь яаралтай сургууль дээр очиж, камер шүүж, гадны нөлөөгүй, масктай байсан зүйл илрээгүй. Тиймээс эцэг эх нь хүүхдээ эмчлүүлээд эмнэлэгт байгаа.
Мөн биеийн тамирын хичээлд амны хаалттай орсон хүүхэд нас барсан гэх мэдээлэл цацагдсан. Тавдугаар сарын 13-нд тус сургуулийн хүүхэд гэртээ тодорхой өвчний улмаас нас барсан гэсэн тохиолдол гарсан. Энэ нь сургуулийн үйл ажиллагаатай огт холбоогүй. Өнгөрсөн гуравдугаар сарын 21-нээс хойш биеийн тамирын хичээлд амны хаалт зүүхгүй байгаа.
Нас барсан хүүхдийн асуудлыг эрүүл мэндийн байгууллага, цагдаагийн байгууллага шалгаж, дүгнэлт гаргана. Биеийн тамирын хичээлд амны хаалттай орсноос болоогүй гэдгийг албан ёсоор хэлье. Биеийн тамирын хичээлд амны хаалттай ороогүй. Хүүхэд орой унтаад өглөө сэрээгүй гэдэг мэдээллийг ар гэрийнхэн нь зүгээс өгсөн” хэмээн мэдээлэв.