Ц.Мөнхцэцэг: Зөвшилцлийн улс төр рүү орохын тулд сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байна
Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намууд, түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Доржхандын саналыг дэмжсэн 100 000 иргэдээс ирүүлсэн санал, шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Шаардлагад УИХ-ын сонгуульд сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, УИХ-ын гишүүдийн тоог дэлхийн амжилттай хөгжиж буй парламентын засаглалтай орнуудын жишигт хүртэл нэмэгдүүлэх, улс төрийн нам байгуулахын тулд нийт сонгогчдын нэг хувиас доошгүй тооны иргэд буюу 20000 гаруй иргэд эвлэлдэн нэгдсэн байхыг шаардсан Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болгох зэрэг асуудлыг авч үзсэн байна.
Энэхүү шаардлагын дагуу УИХ-ын даргын захирамжаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намууд, иргэдээс ирүүлсэн санал, шаардлагыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж ажилдаа ороод байна.
Ажлын хэсгээс өнөөдөр Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх эрдэмтэн, судлаач, хуульчидтай хийх хэлэлцүүлгийг зохион байгууллаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг тус Ажлын хэсгийн гишүүний хувиар хэлэлцүүлгийг удирдан явууллаа.
Тэрбээр “Үндсэн хууль бол нийгэм, улс төрийн харилцааны суурь хууль учраас ойр ойрхон үндэсний зөвшилцөл хийхгүйгээр нэмэлт, өөрчлөлт оруулах нь буруу. 2019 онд ҮХНӨ хийхдээ судлаачид, улс төрийн намууд, улс төрчид бүгд 1992 оны Үндсэн хуулиас хойш 30 жил өнгөрч, нийгэм, улс төрийн олон өөрчлөлт шинэчлэлт гарсан учраас Үндсэн хуулиа өөрчлөхөөс өөр аргагүй болсон гэдэгт санал нэгдэж байсан юм. Мөн гүйцэтгэх засаглал тогтворгүй, Засгийн газрын дундаж нас 1.6 жил байгаа нь улс орны амьдралд ихээхэн сөрөг нөлөөтэй байна гэдэг үндэслэл иргэдэд хамгийн их ойр байж, Үндсэн хуулийг өөрчлөн энэ байдлыг арилгах ёстой гэдгийг зайлшгүй үндэслэх гол нотолгоо болж байсан юм.
Тэгвэл ҮХНӨ хийснээс хойш гурван жилийн дараа дахин өөрчлөлт оруулахад хүрвэл чухам ямар үндэслэлүүд байна, эдгээр өөрчлөлтийг хийхгүй бол ямар сөрөг үр дагаварт хүрэх, өөрчлөлт хийснээр Монголын ардчилал, парламентын засаглалыг бэхжүүлэхэд ямар эерэг үр нөлөө авчрах вэ гэдэг тухайд итгэл үнэмшил бүхий, үндэслэл нотолгоотой дүгнэлтүүдийг манай Ажлын хэсэг гаргах үүрэг хүлээж байна.
Монгол Улсын Үндсэн хууль нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгааны үндэс болсон ард түмэнтэй байгуулсан нийгмийн гэрээний тулгуур баримт бичиг болохын хувьд түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга гаргах,
хэлэлцэн, батлах үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар журамлан, эрх зүйн хамгаалалтыг бий болгосон бөгөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга, үйл ажиллагаа нь дур зоргын шинжтэй байж болохгүй хэмээн тодорхой заасан байна.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг санаачлах, хэлэлцэх, батлах үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан агуулга, хязгаарт нийцсэн байх, мөн нэмэлт, өөрчлөлт оруулж үл болох зүйл, заалт, нөхцөлийг хөндөөгүй байх, хуульд заасан зарчим, шаардлагыг хангасан байх ёстой ба төслийг хууль санаачлах эрх бүхий этгээд өргөн мэдүүлснээр хуульд заасан тусгай дэгийн дагуу хэлэлцэн батлахаар хуульчилсан.
Эрдэмтэн судлаачид маань Үндсэн хуулийн болон бусад хуулийн хүрээнд ҮХНӨ хийх эсэх тухайд үндэслэл бүхий санал, байр сууриа илэрхийлж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцлон дурьдав.