ОУХМ Ж.Чулуунбат батламжаа гардаж, Л.Энхрийлэнд хүрэл медалийг нь нөхөн олгов
Чөлөөт бөхийн ОУХМ Ж.Чулуунбат “Лондон-2012” олимпод амжилттай барилдан 120 кг-ын жинд 7-р байр эзэлсэн. Гэтэл энэ жинд түрүүлсэн Узбекистаны А.Таймазов допинг хэрэглэсэн нь илэрснээр алтан медалиа хураалгаж, ард нь жагссан бөхчүүд байр ахисан юм.
ОУОХ-ноос Ж.Чулуунбатыг тус олимпод шагналт 5-р байрт шалгарсан болохыг илтгэсэн батламж ирүүлснийг өнөөдөр болсон Гишүүдийн хурлын үеэр гардуулж өглөө.
Мөн түүний спорт, олимпизмын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны “Алтан очир” одонгоор шагнав. Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулж өглөө.
Мөн өнгөрсөн II дугаар сард зохиогдсон Paris Grand Slam -2022 тэмцээнд оролцсон Үндэсний шигшээ багийн тамирчин -57кг Л.Энхрийлэнгийн хүрэл медалийг ОУЖБХолбооноос нөхөн илгээснийг өнөөдөр хүлээн авлаа.
Тодруулбал -57kg зооны аваргын төлөө Японы Tamaoki Momo болон Францын Priscilla Gneto нар барилдсан бөгөөд барилдааны явцад Gneto-н гар утас дэвжээнд унаснаар Hansoku Make-р дэвжээнээс хөөгдсөн. Дүрмийн дагуу Hansoku Make-р хөөгдсөн тамирчин тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй. Гэтэл хүрэл медалын төлөө Энхрийлэнтэй дэвжээнд гарч нэмэлт цагт ялснаар хүрэл медаль хүртээд байсан юм. Гэхдээ IJF алдаагаа залруулж Энхрийлэнд хүрэл медалыг ийнхүү нөхөн олголоо.