Өнөөдрөөс уртын тээврийг эхлүүллээ
Цагаан хад боомт дахь халдвар хамгааллын дэглэм сайжирч, тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоногт Ковидын тохиолдол илрээгүй тул уртын тээврийг эхлүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу өнөөдрөөс тээвэрлэлт эхэллээ.
Тавантолгой – Цагаанхад чиглэлд хоногт 100 машин гарах бөгөөд үүний 60 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК ачих юм.
Уртын тээвэр эхлэхтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас худалдан авагчдад урьдчилан мэдэгдэл хүргүүлээд байсан юм. Уг мэдэгдэлд худалдан авагч нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хариуцлагын гэрээтэй байхаас гадна дотоодын аж ахуйн нэгжүүдийг илүү оролцуулах тухай тусгасан. Үүний дагуу нийт 30 худалдан авагч хүсэлтээ ирүүлсэн бөгөөд эдгээр худалдан авагчдын 2000 орчим тээврийн хэрэгсэл явна. Уртын тээвэрт явах компаниуд болон тээврийн хэрэгслийн бүртгэлийг www.ett.mn вэб сайтад нээлттэй байршуулсан.
Уртын тээвэр эхэлсэнтэй холбогдуулан Хилийн боомтын үндэсний зөвлөл, Авто тээврийн үндэсний төв гэх мэт холбогдох төрийн байгууллагууд хамтран ажиллаж байна.