Найман цагийн настай жишиг автобусны буудал
Цахим сүлжээнд өдөр бүр хэн нэгэн эсвэл хэн нэгний хийсэн үйлдэл тренд болж нэг нь нөгөөгөөрөө солигдож мэдээллийн урсгал үргэлжилдэг.
Харин өчигдөр буюу тавдугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн автобусны буудлыг хэсэг залуус нэгдэн сайн дурын ажил эхлүүлэн хиймэл ногоон зүлэг, цэцэгсээр чимэглэж, тухтай буйдан байрлуулан хотын өнгө үзэмжийг чимжээ. Халуун наранд нүүрээ түнтийтэл улайлган, хөлсөө цувуулан автобус хүлээж суугаа иргэдэд буйдан дээр суунгаа, нүдээ баясган суух нэн таатай санагдаж байна хэмээн хоорондоо ярилцан сууцгааж байв.
Гэтэл өнөөдөр /2022.05.27/ тус автобусны буудал бусдаасаа ялгарах зүйлгүй, энгийн л буудал болжээ. Учрыг лавлан асуухад “автобусны буудлыг чимэглэж тохижуулахад хариуцсан байгууллагаас зөвшөөрөл аваагүй, мөн автобусны буудлын ард байрлах зарлалын самбарыг хааж байршуулсан” гэх мэт шалтгаанаар гомдол гарган сайн дурын ажил эхлүүлсэн залуус тохижуулсан ногоон зүлгэн хана, буйдангаа машиндаа ачаад явжээ.
Саяхан л Төв талбайд хөл бөмбөгийн тэмцээнд зориулсан хиймэл зүлэг байршуулахад нийслэлчүүдэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж дутагдаж байгааг амтай бүхэн ярьж байсан. Магад эдгээр залуус үүнээс санаа аван зуны дэлгэр цагт автобусны буудлын шинэ жишиг гарган автобус хүлээн суух нийслэлчүүдийг сельфи хийнгээ, тухтай буйдан дээр хэсэгхэн ч болов зугаатай байгаасай гэж хүссэн лавтай.
Сайны хажуугаар саар гэж энэ автобусны буудлыг харсан зарим нь дэмий зүйлд мөнгө үрлээ гэнэ. Хийхгүй бол хийсэнгүй гэх мөртлөө шинийг санаачлан хийсэн нэгнээсээ элдэв зөвшөөрөл бичиг нэхсээр хэдхэн цаг нүдний зугаа болоод алга болов.
Хүүхэд багачуудад зориулсан хүүхдийн парк нь аюулгүйн байдал хангаагүй хэдэн төмөр тоглоомоо үнэлж эцэг эхчүүдийн түрийвчид халгаатай газар болсон. Боломжтой залуус нь гадагшаа аялаад явчихна. Үлдсэн хэд нь саарал хотдоо, саарал ордныг манаад үлдэнэ. Зуны дулаан өдрүүдэд чөлөөт цагаа мөнгө төлж хаана нэг газар сууж өнгөрүүлдэг иргэддээ ээлгүй хотын дарга сайн дураараа хотоо тохижуулж байгаа иргэдээ магтан сайшаахын оронд, зөвшөөрөл нэхдэг болоо юу даа…
Ж.ХАЛИУН
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?